АЖЛАА ХОЙШ ТАВИХ ЗУРШИЛ БА 2 МИНУТЫН ЗАРЧИМ

АЖЛАА ХОЙШ ТАВИХ ЗУРШИЛ БА 2 МИНУТЫН ЗАРЧИМ

Сүүлийн үед би залхууралтайгаа тэмцэх нэгэн эерэг дадлыг бий болгосноо өнөөдөр хуваалцая. Үүнийг 2 минутын зарчим гэж нэрлэдэг.

Бидний залхуурснаас болж хойшлуулдаг ихэнх ажлууд яг үнэндээ хийхэд тийм ч хэцүү биш байдаг. Бидэнд шаардлагатай ур чадвар, авьяас бүгд бий. Зүгээр л бид ямар нэгэн шалтгаан олоод хийхээ түр хойшлуулдаг. Харин 2 минутын зарчим нь таныг ажилдаа дахин төвлөрөх тань туслах болно.

Уг зарчмыг ашиглах 2 энгийн хэлбэрийг одоо тайлбарлая.

  1. Хэрвээ 2 минутаас бага хугацаа шаардагдах бол шууд эхэл!

2 минут сонсоход тун бага хугацаа мэт санагдавч бид 2 минутад олон ажлыг амжуулж болдог. Хэрвээ таны хийхээс эргэлзээд буй ажил тань 2 минутаас бага хугацаанд хийж болохоор байвал шууд хий. Хамгийн энгийн жишээ гэвэл хооллосны дараа аяга тавгаа шууд угаах, хогоо асгах, мэйл бичих, ширээгээ цэгцлэх гэх мэтчилэн..

  1. 2 минутаас бага цаг зарцуулахуйц шинэ дадлыг бий болго

Мэдээж бидний хүсэж буй бүх зорилго маань 2 минутын дотор биелж чадахгүй. Гэхдээ бид хүсэж буй зорилгоруугаа 2 минутын дотор чиглэж чадна. Хэрхэн чиглэх талаар ярилцахаас өмнө нэгэн физикийн хуулийг бага зэрэг ярилцъя.

Олон жилийн өмнө алдарт физикч Исаак Ньютон бидэнд физикийн хуулийн талаар нэгэн сонирхолтой зарчим дэвшүүлснийг бид бүгд мэднэ. Аливаа биет нь тайван байдлаа хадгалахыг эрмэлздэг бөгөөд хөдөлгөөнгүй байвал хөдөлгөөнгүй тайван байдлаа, хөдөлж байвал тус хөдөлгөөний эрчмээ хадгалахыг эрмэлздэг / Машин огцом тоормослоход бид тайван байдлаа хадгалан урагш, огцом хаазлах үед тайван байдлаа хадгалан хойшоо хөдөлдөг/. 2 минутын зарчим нь жижиг зорилгоос том зорилгод хүрэхэд инерцийн хуулийг ашиглах тухай бөгөөд нэгэнтээ та хийгээд эхэлсэн бол танд ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх тун амархан байх болно.

Энэ зарчмыг та бүхий л талбар, ажилд ашиглаж болно. Та ердөө 2 минутыг зарцуулаад үз.

Хэрвээ танд маш их бичих ажил байгаа бол ердөө л 2 минут суугаад 1 өгүүлбэр бичээд үз.

Хэрвээ танд маш их унших материал байгаа бол ердөө л 2 минут суугаад 1 хуудас уншаад үз.

Хэрвээ та өдөр болгон гүймээр байгаа бол зүгээр л өглөө босоод гүйхэд тохиромжтой хувцас олж өмсөөд пүүзээ угла! /2 минутын зарчмаар/

Шинэ зуршил өөртөө хэвшүүлэхээр оролдож байгаа бол зөвхөн эхний оролдлого бус оролдлого бүртээ хийж эхлэх нь чухал байдаг. Зөвхөн гүйцэтгэх гэж оролдох бус тогтмол үйлдэл хийх нь хамгийн чухал. Үр дүн хангалтгүй байсан ч гэсэн дахин дахин хийсээр байвал танд үр дүнгээ сайжруулах цаг зав дараа нь хангалттай бий гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Яг одооноос эхэл!

Энэ зарчмыг ашиглаад үр дүнд хүрнэ гэж би танд амлаж чадахгүй ч энэ аргыг хэрэгжүүлж үзэхгүй байх нь танд ямар ч үр дүнг авчрахгүй гэдгийг харин би амлаж чадна. Ихэнх хүмүүсийн гаргадаг гол алдаа нь хүмүүс уншсан, сонссон, мэдсэн зүйлсээ бодит амьдрал дээр хангалттай туршиж үзээгүй байдаг. Тиймээс би таныг яг одоо энэ аргыг туршиж үзэж үр дүнг хараасай гэж хүсэж байна.

Хоёрхон минут зарцуулахад тийм ч хэцүү биш тийм ээ?

Нийтлэлийг бичсэн: А.Тэмүүлэн

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх