ЭДГЭЭР 3 ЧАНАРЫГ ЭЗЭМШСЭН ХҮН АЛБАН ТУШААЛАА ТОГТМОЛ АХИУЛЖ ЧАДДАГ

 ЭДГЭЭР 3 ЧАНАРЫГ ЭЗЭМШСЭН ХҮН АЛБАН ТУШААЛАА ТОГТМОЛ АХИУЛЖ ЧАДДАГ

Яагаад зарим хүмүүсийн ажил мэргэжил нь тогтмол урагш ахиж байхад бусад хүмүүс нэг ажлын байрнаасаа хөдөлж чадалгүй 5,10 жил болдог вэ? Үүнийг та шударга бус явдал гэж боддог уу? Тэгвэл захирлууд хэн нэгнийг тушаал дэвшүүлэхдээ тухайн хүний чадвар, ажлын туршлага гэхээс илүүгээр хувь хүний чанаруудыг нь чухалчлан авч үздэг болохыг та мэдэх үү ? Үүний учрыг тайлбарлах зорилгоор Америкийн нэгэн томоохон даатгалын байгууллагын гүйцэтгэх захирал ажилтнуудаа тушаал ахиулахдаа тэднээс ямар чанарууд хардаг болохыг уншигч таньд хүргүүлж байна. Хэрэв та нэг ажлаа олон жил хиймээргүй байвал доорх хувь хүний 3 чанараас доор хаяж 2 чанарыг нь өөртөө хэвшүүлсэн байх хэрэгтэй .

  1. Эерэг хандлага

Хувь хүний аливаа зүйлд эсвэл бусад хүмүүст хандах байдал нь байгууллагын соёлд нөлөө үзүүлдэг хамгийн чухал нэг хэсэг юм. Хандлагын талаар нэг байгууллагад хамт ажилладаг Батаа, Хуягаа гэсэн 2 хүнээр жишээ авч тайлбарлая:

Батаа – Тэр хамтран ажиллагсад дундаа хамгийн их авьяас чадвартай залуу. Гэхдээ тэр аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй гэсэн өнцгөөс эхэлж хардаг. Мөн тэр ихэнх хүмүүстэй маш бүдүүлэг, сөргөөр харьцдаг. Тэр аливаа зүйл бүтэлгүйтэхэд уурлаж бухимдан, бусдын алдааг байнга шүүмжилж байдаг. Тэр өөрт нь хамаагүй ажлыг хариуцаж авах огт дургүй. Түүнийг байгууллага даяараа мэддэг учраас хүмүүс түүнтэй хамт ажиллах дургүй байдаг.

Хуягаа – Тэр ажилд ороод удаагүй тул ажлаа сайн хийж сураагүй. Түүний туршлага нимгэнээс гадна авьяас чадварын хувьд Батаагийн хаана ч хүрэхгүй. Гэхдээ тэр бусдын үзэл бодол, зөвлөгөөг анхааралтай сонсохыг хичээдэг. Тэр байнга хамт ажиллаж байгаа хүмүүсээ инээлгэж, тэдний хичээл зүтгэлийг нь магтаж, ажил дээр халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Тэр хэн нэгнийг буруутгах гэж оролддоггүй. Мөн тэр захирлынхаа өгсөн үүрэг даалгавар бүрийг шинэ зүйл сурч авах боломж гэж хүлээж авдаг. Түүнтэй хамт ажиллахад огтхон ч уйтгартай санагддаггүй учраас хүмүүс түүнд их дуртай.

Ямар ч хүн нэг ажлаа удаан хийснээр түүндээ туршлагатай болж чаддаг. Тэгвэл Батаа, Хуягаа хоёрын хэн нь жилийн дараа тушаал дэвшиж хэн нь ажлаасаа халагдах магадлалтайг та гадарласан байх. Байнгын эерэг хандлагатай хүн аль ч байгууллагад маш их үнэ цэнэтэй байдгийг санагтун.

  1. Хичээл зүтгэл

Хичээл зүтгэл бол таны таныг хэр шаргуу хөдөлмөрлөж чадахыг харуулдаг. Хичээл зүтгэлгүй хүмүүс байгууллагадаа илүү цагаар ажиллах дургүй байдаг. Тэд өглөөний 9.00 цагаас 1 минутын өмнө ажилдаа ирээд оройны 6.00 цаг болохыг хүлээн ажлаасаа гардаг. Тэд ажлын эхний өдөр болон сүүлийн өдөр захиралдаа ямар нэг шалтаг тоочиж чөлөө авч амралтын өдрүүдээ уртасгахыг хүсдэг.

Харин эсрэгээрээ хичээл зүтгэлтэй хүмүүс бусдаас эрт ирж, оройн цагаар бусдаас илүү удаан сууж ажиллах нь тэдний хувьд ховор тохиолдол биш. Тэд ингэхдээ илүү цагийн мөнгө нэхэх талаар боддоггүй бөгөөд ажилдаа хайнга хандана гэсэн ойлголт байдаггүй. Хичээл зүтгэлтэй хүн бол гэртээ өвчтэй байсан ч гэрээсээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Эдгээр хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж оны шилдэг ажилтнаар шалгарах нь хэвийн үзэгдэл бөгөөд аль ч албан тушаал дээр очоод шаргуу хөдөлмөрлөж чадна гэдгээ бусдад ямагт батлан харуулсаар байдаг.

  1. Санаачлага

Эдгээр хүмүүс бол шинэчлэлт өөрчлөлт хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүс байдаг. Тэдэнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санал ямагт төрж байдаг, тэд одоогийн үйл ажиллагааг яаж хялбарчилж болох талаар байнга боддог, тэд алдаа дутагдлыг олж харсан даруйдаа үүнийг арилгах шийдлийн талаар бодож эхэлдэг. Иймээс аливаа хурал, уулзалтанд тэдний санаа, үзэл бодол маш хэрэгтэй. Санааг нь бусад хүмүүс дэмжихгүй байсан ч тэдэнд дахиад л өөр санаа төрдөг. Өөрөөр хэлбэл тэд ямарваа нэг өөрчлөлтийг санаачлагч бөгөөд үүнийг байнга хийгдэж байх ёстой зүйл мэтээр хардаг.

Харин зарим ажилтнууд одоогийн нөхцөл байдалдаа дассан байдаг тул тэд ямарваа нэг зүйл өөрчлөгдөхөд маш дургүй, эсэргүүцэх төлөвтэй байдаг. Өөрчлөлт хийх дургүй хүмүүс бол сөрөг хандлагатай хүмүүстэй нэг талаараа төстэй юм. Тэдний хэн нь ч тушаал ахих дарааллын сүүлд бичигдэнэ.

Дахин хэлэхэд өөрийгөө өөрчлөхийг хүссэн хэн ч эдгээр чанаруудыг өөртөө хэвшүүлэх бүрэн боломжтой юм шүү. Та магадгүй дээрх чанаруудыг аль хэдийнээ эзэмшсэн байж болох юм. Гэхдээ ажилтнуудаа үнэлж чаддаггүй муу удирдлагын доор ажилладаг байсан хэдийч таны эдгээр чанаруудыг өөр хэн нэгэн нь анзаарч танд ажлын санал тавих нь дамжиггүй бөгөөд энэ бол гарцаагүй болох ёстой зүйл гэдэгт бат итгээрэй.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх