Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Давсан гэрлийн итгэмээргүй ид шид

Сүүлийн саруудад давсан гэрэл, лааны суурь болон бусад хэрэгслүүд интернет сүлжээнд ихээхэн үзэгдэх болжээ. Та өмнө нь “Хэрхэн үүнийг хийдэг юм бэ?”, “Энэ чинь зүгээр л дотроо чийдэнтэй том давс биз дээ”, “Сүртэй ач холбогдол байхгүй” хэмээн эргэлзэж байсан байж болох юм. Тэгвэл хариулт нь тийм, гэхдээ бас үгүй.

Энэ нь дотроо чийдэнтэй том давснаас илүү зүйл, ач тусыг өөртөө агуулдаг. Харин ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж хараахан амжаагүй байгаа бол та ямар зүйлээс хоцорч байгаагаа мэдээгүй байна. Ширээн дээр, зочны өрөөнд, орны хажууд зэрэг тавигдсан бүх өрөөний орчныг зуны цэлмэг өдөр бороо шивэрсэн хойно цонхоо нээж чийглэг агаар үнэртэх мэт таатай мэдрэгдэх шидтэй ер бусын гэрэл юм.

Өөрийн оюун, сэтгэлээ гарган янзалсан тохилог тухтай гэрийн тань тод чимэг ч болох болно.

Энэхүү өвөрмөц давсан гэрлийн эрүүл мэндэд үзүүлэх гайхалтай ач тус, давуу талыг дурдахын өмнө химийн хичээлээс багахан тайлбарлах хэрэгтэй болов уу.

Бүх бодис (хүний бие, агаар, ус г.м) нь протон, электрон, нейтроныг агуулж байдаг атом бүхий молекулуудаас бүрддэг. Электрон нь молекулоо тойрон эргэлдэж байдаг. Заримдаа электрон нисэж алга болох ба энэ үед эерэг цэнэгтэй ионыг үлдээдэг.Үүний оршин буй ганц зорилго бол алдсан жижиг электроноо нөхөх үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл өөр молекулоос электроныг нь хулгайлахтай ижил. Молекул болгон бүтцийн хувьд ялгаатай байдаг бөгөөд тэрхүү ялгаанаас болж зарим нь хялбархан электроноо алддаг.

Энэхүү эерэг болон сөрөг ионы суурь ойлголтод тулгуурлан давсан гэрлийн давуу талуудыг танилцуулъя.

  1. Агаар цэвэршүүлж, үнэр дарна

Давсан гэрлийн хамгийн тодорхой давуу тал ба тоос, тоосонцор, тамхины утаа болон бусад агаарын бохирдлыг шүүж, арилгах чадвар. Зөвхөн энэ зориулалтаар нь хэрэглэхийн тулд ч худалдан авдаг хэрэглэгчид цөөнгүй.

Давсан гэрэл нь hygroscopy хүчээр буюу эргэн тойрон дахь усны молекулыг татах хүчээр усны молекултой нэгдсэн гадна тоосонцруудыг өөртөө татаж, давсны ширхгүүддээ шингээдэг. Гэрлийн чийдэн давсыг халаах үед халууны тусламжтай ус агаар луу уурших ба баригдсан тоос, тоосонцор, тамхины утаа зэрэг нь давсан дотор шүүгдэн үлддэг.

  1. Харшил болон Багтраа өвчний шинж тэмдгийг багасгана

Давсан гэрэл тоос, тэжээвэр амьтны хучуур эд, хөгц зэргийн микроскопын хэмжээтэй өчүүхэн тоосонцрууд болон үүнтэй ижил зүйлсийг эргэн тойрны агаараас цэвэрлэдэг. Давсан чийдэнг ихэнх цагаа өнгөрөөдөг өрөөнүүддээ байрлуулахад хүний харшлын шинж тэмдгийг ихээхэн багасгана. Нэг хоёр долоо хоногийн дараа багтраа өвчтэй хүмүүст хүртэл том өөрчлөлт ажиглагдсан нь европын эрүүл мэндийн байгууллагаар нотлогдсон байна.

  1. Ханиалгыг намдаана

Давс гэрлийнхээ тусламжтайгаар халж агаар дахь тоосонцрын гидроскопын мөчлөгөө эхлүүлэх үед чөлөөлөгдөх молекулуудын цэнэг мөн өөрчлөгддөг (санаж байгаа бол химийн хичээлд энэ тухай яригддаг л даа). Ихэнх айлын орчин эерэг цэнэгтэй ионоор дүүрэн байдаг ба энэ нь хүний биед тийм ч сайн биш юм. Эерэг ионууд нь олон зүйлээс үүсэлтэй бий болох бөгөөд гол эх сурвалж нь бидний хэрэглэдэг электрон төхөөрөмжүүд байдаг.

Эерэг ионоор ихээр амьсгалах үед мөгөөрсөн хоолойг бүрхдэг сормууслаг эсүүдийн сормуус (микроскоп хэмжээтэй үс) –ийн ажиллагаа удааширч, уушгинаас халдвартай зүйлсийг гадагшлуулах үүргээ сайн биелүүлж чадахгүйд хүрнэ. Харин давсан гэрэл нь агаараас ус болон тоосонцрыг шингээх үедээ эерэг ионуудыг мөн адил шингээдэг байна. Үүний дараа халсан давснууд нь цэвэр усны уурыг гадагшлуулах үедээ сөрөг ионыг мөн гадагш ялгаруулдаг. Сөрөг ион нь бидний сормууслаг эсүүдийн үйл ажиллагааг ихэсгэж, уушгийг цэвэр байлгадаг ач тустай ажээ.

Ерөнхийдөө давсан гэрэл агаараас бохирдлыг зайлуулахаас гадна хүний биеийн агаар шүүх чадварыг үр дүнтэй болгодог байна.

  1. Энергийн хэмжээг нэмэгдүүлнэ

Хөдөө аяллаар явах, агаарт гарч голын эрэг, ууланд очиж майхан барих, найз нөхөдтэйгөө гадуур гарч хөгжилдөх эсвэл зүгээр л өглөө эрт шүршүүрт орох зэрэг аргаар бид эрч хүчээ нөхдөг. Тэгвэл бидний зорин очдог тэдгээр газрууд сөрөг ионы төвлөрөл ихтэй байдаг. Харин эерэг ион нь бидний эрч хүчийг сордог байна. Харамсалтай нь бид эрч хүчгүй, сулбагар байх шалтгаанаа өөр зүйлээс болсон хэмээн андуурах тохиолдол олон.

Та байнга ядарч шалтгааныг нь мэдэхгүй байх үед давсан гэрлийг өрөөндөө байршуулаад үзээрэй. Ойролцоогоор долоо хоногийн дараа гэхэд танд өөрчлөлт анзаарагдах болно.

  1. Электрон соронзон туяаг саармагжуулна

Техник технологийн эрин зуунд бид өдрийн ихэнх цагаа электрон төхөөрөмжүүдээс ялгарах электросоронзон туяан далайд амьдарч өнгөрүүлж байна. электросоронзон туяанд удаан хугацааны турш өртөхөд нүдэнд үзэгдэхгүй ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Энэхүү нөлөө нь бидний стрессын хэмжээг ихэсгэх, архаг ядаргаанд оруулах, биеийн дархлааны системийг сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй ажээ.

Харин давсан гэрлүүд нь сөрөг ионыг агаарт цацан, электросоронзон туяаг саармагжуулах нөлөө үзүүлдэг байна. Компьютер, зурагт болон бусад ухаалаг гэгдэх электрон төхөөрөмжийнхөө хажууд гэрлийг байрлуулах нь та болон таны гэр бүлд учруулах хорт нөлөөг хэд дахин багасгана.

  1. Сайн нойр авахад тустай

Эерэг ионтой агаарын бас нэг нөлөө нь таны нойргүйдэлд оруулдаг. Тэрхүү эерэг цэнэгүүд нь тархинд очих цус болон хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг ба ингэснээр тогтмол бус нойрны хэмнэлтэй болдог. Давсан гэрэл нь байгалийн сөрөг ион үйлдвэрлэгч юм. Иймээс тэд энэхүү эерэг болон сөрөг ионы эрчимжилтыг тогтворжуулах чадвартай. Унтлагын өрөөндөө ганц, хоёрыг байрлуулснаар агаарын чанарт эерэг өөрчлөлт орж, сайн нойр авахад ихээхэн ач тустай.

Харин та яг над шиг гэрэлтэй үед унтаж чаддаггүй бол унтахын өмнө гэрлээ унтрааж болно. Зөвхөн өдрийн цагаар давсан гэрлээ асаалттай байлгаж, үүргээ гүйцэтгэх боломж олгох хэрэгтэй. Гэртээ агаар чийгшүүлэгч төхөөрөмжтэй, чийглэг агаартай орчинд амьдардаг хүмүүст анхааруулж хэлэхэд давсан чийдэн хөрөх үедээ нойтон болдог гэдгийг сануулъя.

  1. Сэтгэл санааны байдал болон анхаарал төвлөрөлтийг сайжруулна

Байгалын цэвэр давс тэр дундаа дэлхийн хамгийн эрчимжилт ихтэй цэг болсон манай орны бүсэд үүсэн бий болдог давс байгалийн аргаар хүний сэтгэл санааг дээшлүүлж, завгүй өдрийн төгсгөлд тайвшрах боломжийг олгоод зогсохгүй анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Энэ нь мөн адил сөрөг ионуудын танд үзүүлж буй нөлөө ба тархи болон бусад эрхтэнд очих цусан хангамж болон хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, серотонин буюу бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг нейротрансмиттерын хэмжээг ихээр ялгаруулдаг юм.

  1. Цаг агаараас шалтгаалах сэтгэл хямралыг эмчлэнэ

Сэтгэл санаа болон эрч хүчийг нэмэгдүүлэх ач тустай гэх энэхүү давсан гэрлийн цацруулах зөөлөн, байгалийн гэрэл нь дулаан нарны цацрагтай төстэй ба улирлын гаралтай сэтгэл уналтыг эмчлэхэд тустай. Жилийн өдөр богиносож, шөнө уртсах үед болон хаврын синдром эхлэхээс өмнө амжиж өөрийгөө хэдэн давсан гэрлээр хүрээлүүлж сэтгэл хямрал, ядаргаатай тэмцээрэй хэмээн зөвлөе.

  1. Байгальд ээлтэй гэрлийн үүсгэвэр

Давсан гэрэл нь байгальд ээлтэй, экологийн бүтээгдэхүүн. Тооцоолол төдий ч гэсэн давсан гэрлийг олборлож буй уурхайн хэмжээг дэлхийн төвшинд 80-600 сая тонн хооронд гэж үздэг ба одоогийн олборлож буй хурдаар бол дахин 350 жил хүрэлцэх нөөц байгаа юм. Ийм давсан гэрлийн суурийг европт nеем гэх мэт тогтоцтой модоор хийдэг байна. Зарим гэрэл нь бага ватт бүхий маш бага зардалтай чийдэнг ашигладаг бол бусад нь лааны нөлөөгөөр ажиллаж байна.

Та гэртээ давсан гэрэл худалдан авахаар шийдсэн бол хэмжээг нь сайтар анхаараарай. Гэрлийн ач тусыг мэдрэхийн тулд тохиромжтой хэмжээ тун чухал. Жижиг гэрлүүд нь дунд хэмжээний унтлагын өрөөнд тохирох бол том гэрлүүд нь талбай том газрууд болох зочны, томхон хэмжээтэй өрөөнүүдэд илүү зохицно. Дунджаар 0.5кг давсан бүрхүүлтэй гэрэл 4′ x 4′ талбай агаарыг цэвэршүүлнэ. Тохирсон өрөөндөө таарах том чийдэн олохгүй үед олон гэрлийг худалдан авч тавих нь ижил үр дүн үзүүлнэ.

Энэхүү үзэсгэлэнт гэрлүүдээр гэрийнхээ бүх өрөөг чимэглэхийг санал болгож байна. Тохиромжтой хэмжээтэй гэрлээс эхлэн худалдан авч, өөрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг өрөөнүүдээ дүүргэн бага багаар бүтэн гэрээ тохижуулахад хараа булаам гэрийн чимэг болох болно.

Давсан ширхгүүд нь чийглэг агаарт удаан хугацаагаар байх үед хайлж эхлэх ба үүнээс сэргийлэхийн тулд шүршүүр, гал тогоо, угаалгын машин зэрэг уур гарах боломжтой газруудад шинэхэн худалдан авсан гэрлээ байрлуулахаас болгоомжлоорой.

Өмнө нь хэлсэнтэй адил сөрөг ионы эсрэг нөлөө нь дор хаяж долоо хоногийн дараагаас эхэлж мэдэгдэхүйц үр дүн гарч эхлэх учир хүлээцтэй байхаа бүү мартаарай.

Сэтгэгдэл үлдээх