Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Шинэ он ойртсон эдгээр өдрүүдийг сайхан хөгжим бас киногүйгээр төсөөлөх аргагүй. Бэлэг цуглуулж, бялуугаа жигнэхийн хажуугаар буйдан дээрээ тухлан дуртай киногоо үзэх цаг хүн бүрд гарах байх. “Гэртээ ганцаараа” сэтгэлийг чинь хөдөлгөхөө больж “Санта Клаус” баярын уур амьсгал авчрахаа больсон бол анхаарлаа арай өөр зүйлд хандуулах цаг болжээ. Уншигч танд Гринчийн цэвдэг сэтгэлийг ч дулаацуулахаар шинэ жилийн сэдэвтэй хамгийн дутуу үнэлэгдсэн 7 киног хүргэж байна.

Dear secret santa

Ажлын хэнхэгтэй Женнифер зул сарын өмнөхөн байшингаа чимэглэж байгаад бэртсэн аавыгаа асрахаар хуучин гэртээ ирнэ. Тэр үеэс тэрбээр хэнээс ч юм уянгын үгтэй ил захидал авах ба тэр нь түүний хуучны хөрш Жэк байдаг. Гэхдээ ганц асуудал нь Жэк 3 жилийн өмнө машины ослоор нас барсан байлаа. Энэхүү киноноос та гуниг, итгэл найдвар, ид шид мөн цаг хугацааны аялал гээд бүх мэдрэмжүүдийг мэдрэх болно.

Just friends

Илүүдэл жинтэй Крис Бандлер ахлах сургуульд байхдаа хамгийн сайн найз Жеймид сэтгэлээ илчлээд татгалзсан хариу авсан нь түүнийг халуухан, хүүхэмсэг эр болгодог. Одоо түүнд ажил, мөнгө, хүүхнүүд гээд бүгд бий. Тэрээр зул сарын баяраар найзууд, гэр бүлийнхэн болон хуучны хайр Жеймитэй уулзахаар төрөлх хотдоо ирнэ. Крис 2 дахь боломжоо ашиглаж чадах болов уу? Нэмэлт: Энэхүү кинонд Самантагийн галзуу дүрийг бүтээхийн тулд Анна Фарис тасралтгүй Red Bull ууж байжээ. Мөн Анна Фарис болон Райн Рейнолдс нар 2 кинонд хамтран тоглосон ба 2уулаа 2005 онд гарч байжээ.

Prancer

Нэгэн охин бэртсэн бугыг хараад Сантагийх гэж бодон зул сар болохоос өмнө эдгээхээр шийднэ. Охины сайхан сэтгэл нь эргэн тойрны хүмүүст нөлөөлөх боловч, түүнийг хувиа хичээсэн аав нь нэг л сайн ойлгож өгөхгүй байлаа. Хуучны классик хэв маягт дуртай бол танд энэхүү кино гарцаагүй таалагдах байх. Нэмэлт: Прансерийн дүрд тоглосон цаа бугын жинхэнэ нэрийг Бүү гэдэг байжээ. 2001 онд Прансер эргэж ирсэн нь хэмээх анги нь гарсан байдаг.

Jack Frost

Амласан амлалтаа хэзээ ч биелүүлдэггүй эцэг болох Жэк Фрост машины ослоор нас барах ба нэг жилийн дараа тэрээр цасан хүн болж эргэн ирдэг. Энэ нь түүний бүр мөсөн алга болохоосоо өмнө хүүтэйгээ бүх асуудлаа цэгцлэх сүүлийн боломж юм. Нэмэлт: Энэхүү кино нь Жэк Фрост (1997) хэмээх алуурчин цасан хүний тухай гарах аймшгийн кинотой ижил нэртэй ба тухайн кино нээлтээ хийснээс нэг жилийн дараа гарч байжээ.

The Night before

3 багын найз зул сарын үдэш бүрийг хамт тэмдэглэдэг байлаа. Гэвч тэд одоо нас биенд хүрсэн тул хамгийн сүүлийн тэмдэглэлдээ мартагдахааргүй өнгөрөөхийг хичээх болно. Мансууруулах бодис, ес бус хэллэг агуулсан тул гэр бүл гэхээс илүү найз нөхөдтэйгээ үзэхийг зөвлөж байна. Нэмэлт: Лимузин машин доторх хэсэгт Исаак (Сэт Роген) Этаныг (Жосеф ГордонЛевитт) Жоcеф буюу түүний жинхэнэ нэрээр дууддаг.

Rise of the Guardians

Хорон санаат Питч дэлхийн хүүхдүүдийг ид шидэд итгэхийг болиулахыг санаархдаг. Энэ үед хамгаалагчид маань ид шидийг аврахаар нэгдэх болно. Түүхийг багын шинэхэн гишүүн болох Жэк Фростын нүдээр өгүүлэх энэхүү анимейшн кинонд Алек Болдуин (Санта), Исла Фишер (Шүдний дагина), Хью Жэкман (Ийстэр туулай) гэх мэт алдартай хүмүүс дуу оруулсан байдаг. Нэмэлт: Энэхүү кино нь алдарт кино шүүмжлэгч Рожер Эбэртийн шүүмжилсэн зул сарын сэдэвтэй хамгийн сүүлийн кино байсан юм. Мөн түүнээс дажгүй үнэлгээ авч байжээ.

Annabelle’s Wish

Гэр бүл, нөхөрлөлийн тухай сэдэвтэй кино үзэхийг хүсэж байвал кантри хөгжмийн домог Рэнди Трэвис үйл явдлыг нь өгүүлэх Аннабелийн хүсэл киног санал болгож байна. Киноны үйл явдал өвөөгийнхөө фермд амьдардаг хэлгүй хүү бяцхан тугалтай найзалснаар эхэлдэг. Сэтгэл хөдөлгөм энэхүү киног үзэхийн өмнө таныг нулимсаа арчих алчуураа бэлдэхийг зөвлөж байна. Нэмэлт: Рэнди Трэвис хэлгүй хүүгийн насанд хүрсэн дүрд дуу оруулсан ба тэрээр харвалтаас болж ярих чадваргүй болсон байдаг.

 

Нийтлэлийг бичсэн: М.Сүхбат

Сэтгэгдэл үлдээх