КИНО СЭТГЭГДЭЛ: "2001: A Space Odyssey"

мэдрэх, бодох орон зайтай кино үзэх нь Монголын сэрүүн салхийг онгоцноос буугаад нүүрэн дээрээ мэдрэхтэй ижил мэт таатай.

2001: Space Odyssey – сэтгэгдэл

Filmon-ы event: https://www.facebook.com/events/2056846904554874/

Кино сонирхогч бүхэнд тэр бүр олдоод байхгүй хосгүй сайхан боломжийг олгож, #2001aSpaceOdyssey-г том дэлгэцнээ үзэх завшааныг бий болгосон FILMon-д талархал дэвшүүлье.

Анх энэ киног үзээд би юу ч ойлгоогүй. Бодолд минь үлдсэн ганц зүйл нь шөнөөр үзэгдэх сүүлт од, хээр үзэгдэх алсын зэрэглээ, борооны дараах өнгөт солонгыг харсан 5 настай хүүхдийн гайхшрах бишрэх зэрэгцсэн мэдрэмж л байлаа. Олон жилийн өмнө A Space Odyssey-г тийнхүү анх үзсэнээс хойш уг киног эргэн сэргээж, задлан шинжилсэнгүй. Тэгтэл театрт, тэгээд бүр Монголд үзэх үнэхээрийн гайхалтай завшаан тохиосон нь уг киног кино үзэх ёстой орчинд нь, мөн кино сонирхогчийн хувьд олон жилийн дараа өөрчлөгдөн шинэчлэгдсэн өөр нүдээр дахин харах боломж байсан юм.

(зургийн тайлбар) 2001: A Space Odyssey-г гэртээ үзэх нэг иймэрхүү

Хээрийн хувхай яснаас сарлуу дүүлэх огторгуйн хөлгийг үзүүлэн хүн төрөлхтний сая сая жилийн жаргал зовлон, гавьяа, ялагдлын түүхэн сурвалжийг дөтлөх дүрслэл, HAL-9000 хиймэл оюун ухааны үзэгчрүү цоо ширтэх ганц улаан “нүд”, мэдлэг дэвшлийн галыг бадраадаг харийн хар багана, киноны эцсийн өнгийн шоу, дэлхийг гаднаас нь ажиглах ихэс дотроо дүүлж яваа балчир биедээ дэндүү хөгшин нүдтэй нялх хүүхэд гээд бишрэл төрүүлэхээс эхлээд гайхшрал, тавгүй байдлыг хүртэл бий болгох олон зүйлсийг лаптопны жижигхэн дэлгэц дээр чихэвчтэйгээ бус, орц бүр нь кино үзэх үйл явцыг дэмжих учиртай театрын орчинд үзэх гайхалтай байлаа.

(зургийн тайлбар)  Энэ киноноос үүдээд найруулагч Stanley Kubrick-г сарны газардалтыг хуурамчаар үйлдсэн гэх инээдтэй яриа хүртэл үүссэн дээ

Найруулагч Stanley Kubrick-н #FullMetalJacket #AClockworkOrange #Spartacus кинонуудыг л нэгээс олон удаа үзсэн юм байна. Гэхдээ #ASpaceOdyssey-н нарийн гүйцэтгэлтэй зураг авалтууд, хурц тод зураглалууд нь гоёмсог чамин боловч хоёрдахиа үзэхэд анхны удаа шигээ харах мэдрэмжийг хэт өдөөсөнгүй. Тэр нь ч сайн зүйл. Яагаад гэвэл энэ удаа киноны дуу, бас дуу үгүй, нам гүм чимээгүй байдлыг илүүтэй анзаарав. Хүн төрөлхтөн нөхцөл байдлынхаа хяналтанд байх үед эгшилэх найрал хөгжим, хяналтгүй, замбараагүй үед орчлонд бид ганцаар гэдгийг улам мэдрүүлэх мэт сансар огторгүйн чих дүлий нөхцөл нүдэнд үзэгдэх дүрс шигээ чухал өгүүлэмжтэйг ийнхүү хоёрдахиа үзэж л илүүтэй ойлгох шиг боллоо.

(зургийн тайлбар) Анх удаа үзэхэд энэ их өнгө будганд төөрмөөр

Ер нь яриа энэ кинонд туйлын ховор. Огт чимээгүй урт үргэлжлэх хэсгүүд ч элбэг. Театрын танхимд эргэн тойронд суух хүмүүс утсаа оролдох нь мэр сэр ажиглагдана. Хөл алдам их мөрний ус дөлгөөн урсдгийн адил юу ч болохгүй байгаа ч юм шиг, үйл явдалгүй хоосон ч юм шиг тэр хэсгүүдийг багадаа үзэхдээ би ч хурдлуулан гүйлгэж байсан санагдана. Гэтэл бодох, юу үзэж байгаагаа тунгаах, харсан болон харж байгаа зүйлийнхээ талаар ямар үзэл бодол төрсөн бэ гэдгээ “шийдэх”, дүгнэх орон зайг өгдөг киног үзэх нь огт төсөөлөөгүй, мартагдсан гэмээр өвөрмөц мэдрэмж байлаа. Өөрөөр хэлбэл тэсрэлт дэлбэрэлт, хэт хошигнолоор баялаг, үргэлж “завгүй” блокбастерууд завсар зайгүй нээлтээ хийж байгаа энэ үед мэдрэх, бодох орон зайтай кино үзэх нь Монголын сэрүүн салхийг онгоцноос буугаад нүүрэн дээрээ мэдрэхтэй ижил таатай санагдсан юм.

(зургийн тайлбар) 2008 он. Би анхны iPhone-ой танилцаж байгаа нь.

Шинээр гарсан кинонуудын blu-ray-г хүлээх зуураа хуучны шилдэгүүдийг шимтэн үзэж суух нь дээр үеийн үзэж амжаагүй олон кинотой байхын нэг том давуу тал билээ. Он жилүүдийн уртад шүүгдэн шалгарсан тэр бүтээлүүдийг үзэх нь нэгдүгээрт одоо театрт гарч буй сайн муу нь үл мэдэгдэх шинэ кинонд мөнгө зарлагадах, хоёрдугаарт тааруухан кино үзэж урам хугарах сэтгэл санааны гарлагаас хамгаалдаг. Гэхдээ дээр үеийн тэр сайхан бүтээлүүдийг театрт үзсэн анхны хүмүүс ямар их аз завшаантай байгаа вэ? Цаашид ч театраас буусан шинэ хуучны олон сайхан кино том дэлгэцэнд эргэн ирээсэй. Үйл ажиллагаа болох тоолонд кино сонирхогч бид бүхэн л очиж, ирц болоод хэтэвчээрээ дэмжихгүй бол уйтгартай дундаж киноны үерийн түрлэгийг өөр яаж гатлах билээ.

Нийтлэлийг бичсэн. A.Мөнгөн

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх