Кино сэтгэгдэл: Incredibles 2

Хүлээлтийг давсан эргэн ирэлт

Incredibles 2 – сэтгэгдэл

Дийлдэшгүй бяр, гүйцэгдэшгүй хурд, тасрашгүй суналттай супер хүчит баатрууд байвч, аз жаргал, асуудал бэрхшээл нь зэрэгцсэн энгийн л нэгэн айлын танил дотно дүр зураг анхны Incredibles, бидний мэдэхээр “Супер Гэр Бүл” киног сэтгэлд дотно болгосон билээ. Хувь хүн хэдий супер чадвартай байвч нийгмийн тогтолцоотой зөрчилдөх тэмцлийн талаар найруулагч Zack Snyder-н хар бараан, стиллэг, шүүмжлэл дагуулсан, мөн маш урт кино байдаг бол насанд хүрэгчдийн ойлгон таашаах амьдралын тэрхүү бодит асуудлуудыг Incredibles багачуудад хөгжилтэйгөөр, ах эгч, эцэг эхийг нь уйдаахгүй байдлаар үзүүлсэн.

Бага насны дуртай киноны дараагийн анги бүхэл бүтэн 14 жилийн дараа гарлаа. Гааагүү байгаа?

Үйл явдал эхний киноны төгсгөлөөс шууд үргэлжилнэ. Супер баатруудын улаан фэн нэгэн амжилттай бизнесмен гол дүрүүдтэй холбоо барьж, тэднийг нийгэмд эерэгээр дахин танилцуулах бизнес маркетингийн төлөвлөгөө хэрэгжүүлэхийг оролдох бөгөөд, яг энэ цаг мөчтэй давхцан нууцлаг шинэ хорон санаатан гарч ирнэ.

Өмнөх ангид муу залуусыг хүчит эр дэлбэ цохихыг бид хангалттай харсан бол, энэ удаад сунадаг бүсгүй хамгийн том экшн хэсгүүдэд гол дүрийг эзлэж байгаа нь шинэлэг бас сонирхолтой байлаа. Elastigirl-н уян налархай хөдөлгөөн, сийрэг ухаан, арга заль нь өмнөх ангиасаа ч илүү “санаатай” хорон санаатны эсрэг төгс нийцэж байсан бол, Mr.Incredible гурван хүүхдээ асран халамжлах өөрт нь дэндүү ахадсан даалгавартай тулгарав. Ээж нь супер хүчтэнүүдийн оршин тогтнолын төлөө мөрдлөг, хөөцөлдөөн, адал явдал аюултай учирч явахад, аав нь түүнээс дутахгүй чухал эрдэнэ шиг гурван хүүхдээ хүмүүжүүлж, сэтгэл санаагаар дэмжиж, хүнд асуултуудад нь хариулт өгөх нэн хариуцлагатай үүргийг авна. Mr. Incredible-н эхнэрээ гэх хайр, хүүхдүүдээ гэх сэтгэлийг хараад аавыгаа ч бодож суув. Aйл гэр оршин тогтноход хүн нэг бүрийн оролцоо зүтгэл, ойлголцол, идэвх санаачлага хэрэгтэйг энэ гэр бүлийн тулгаран шийдвэрлэж буй асуудлууд тодорхой харуулсан нь зохиолын хувьд суперуудын тэмцлээсээ ч илүү сэтгэлд хүрсэн юм.

Thor Vs. Loki, Batman Vs. Superman, харин Mr. Incredible Vs. Jack JacK. Жинхэнэ “дайсны цэрэг”-н эсрэг хамгийн хүчтэй аав ч хүчгүйдэх үе байдаг аж.

Туршлагатай кино сонирхогчид маань зохиолын тайллыг киноны эхэн үед л тайлчихна. Гэхдээ тэглээ гээд А цэгээс Б цэг хүртлэх аялал огтоос уйтгартай байсангүй. Экшн хэсгүүд болох тулаанууд, хөөцөлдөөнүүд нь нэгэн хэвийн болоод байсан бусад супер баатруудын кинонуудаас тэс өөр, шинэлэг, сэтгэл хөөргөм байлаа! Төдийлөн шинэлэг биш ч танил чадвартай шинэ суперүүд, тэдний хүчнүүдийн харилцан үйлчлэлүүд нь бүтээлч бас догдлуулам. Xүүхэлдэйн кинонд дүрүүд нь хүссэнээрээ хөдөлж болох давуу талтай боловч, баатрууд нь тулалдахдаа нөгөө л янзаар нистэл нь цохиж, байдаг л өнгөт туяануудаар лазердаж, тойрч нисээд байвал уйтгартай шүү дээ? Энэ киноны супер чадвартнуудын тулаан нь өмнөх ангийн ухаантай боловч уйтгартай боломжуудтай роботын тулаантай харьцуулшгүй таашаалтай байв. Captain America: Civil War-н баатрууд, Batman Vs. Superman нударга зөрүүлэхийг харах сонирхолтой байсан бол Incredibles 2-н илүү өнгөлөг, хурдтай бас бүтээлч тулаанууд нь киноны хамгийн гайхалтай зүйлүүдийн нэг зүй ёсоор байлаа. Өөрөөр супер баатрууд цохилцох, буудалцахаас өөрөөр, өөрсдийн онцгой хүчийг ашиглаж хэрхэн тулалдаж болдог вэ гэдэг сонирхолтой шинэ зүйлийг эндээс харж болно.

Нүд баясгах бас нэгэн зүйл нь 1950/60д оны хэв маягаас сэдэвлэсэн, дугуйрсан дүрсүүд, өнгөний ялгарлууд #retrofuturism #noir

Эцэст нь хэлэхэд, Incredibles 2 нь 14 жилийн хүлээлтийг хөсөрдүүлж, багын дуртай дүрүүдийг балласан кино байсангүй. Найруулагч нь бүр гурван ч кино хийхээр хэмжээний материалыг энэ бүтээлдээ ашигласан гэсэн нь аргагүй л үнэн байж. Илүүц, уйтгартай гэх зүйл энэ кинонд барагтай байсангүй. Зохиолын тайлал жаахан ойлгомжтой байсныг эс тооцвол үзүүштэй сайхан бүтээл болжээ.

Киног үзэхээр бодож буй хүмүүст туслах нь:

  1. Болзоогоор үзвэл ямар вэ?

Анхны болзоо, үерхдэг бүсгүй, эхнэр гээд хэнтэйгээ ч үзсэн таны хайртай эмэгтэй уйдахгүй. Бас чи ч уйдахгүй. Сонирхолтой үйл явдал, нүд цавчилгүй үзэхэд хүргэх экшний гайхалтай нийцэл.

  1. Нэгдүгээр ангийг нь үзээгүй бол яах вэ?

Санаа зоволтгүй, үзэж болно. Эксээ байн байн дурсаад байдаг хүн шиг кино биш. Гэхдээ дараа нь нөхөөд үзчихээрэй, Incredibles чинь хамгийн сайн бас гоё супер баатартай кинонуудын нэг шүү дээ.

  1. Киноны эхэнд гарсан банштай богино хэмжээний киног юу гэж бодож байна?

Эгдүүтэй гэхээсээ илүү жихүүцүүлмээр эвгүй байсан шүү. Та нарт ямар санагдсан бэ?

Нийтлэлийг бичсэн: А.Мөнгөн 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх