КИНО СЭТГЭГДЭЛ: The NUN - Болзоонд үзэх хэрэгтэй кино.

The Nun – Болзоонд үзэх хэрэгтэй кино

Найз охинтойгоо хамт үзэх кино сонгох ч амаргүй ажил шүү…

Pitch Perfect, La La Land-н дуу хөгжим, Twilight-н эморол нь намайг залхаачих гээд, Space Odyssey-н аажуу хэмнэл, Blade Runner-н дүнсгэр ертөнц, Purge-н цус нөж бүсгүйг маань төсөөрүүлээд л. Хотод хамаг хүн цуглаад, намрын “шинэ дурлалууд” хөтлөлцөж алхах болсон энэ өдрүүдэд, анхны ч бай 3, 4, 5 дахь ч бай болзоонд хэн хэнд нь таалагдаж болохоор кино үзсэн нь өнөө Conjuring-н эр хүн шиг царайтай чөтгөр-гэлэнмаа-гийн талаар The Nun байлаа.

Гэлэнмаа-н хувьд Conjuring аймшгийн ертөнц буюу Conjuring 1, 2; Annabelle 1, 2; гэх бүрэн хэмжээний кинонууд, цаашлаад Conjuring 3, Annabelle 3, Crooked Man зэрэг кинонуудаар бүл нэмэх Marvel, DC лугаа адил том кино-ертөнцийн нэгэн хэсэг юм. Худлаа гарууд байсан нь ил мэдлэг болсон боловч, дажгүй аймшгийн кино болоод байгаа сүнс зайлуулагч хосууд, эвгүй царайт хүүхэлдэй, бөгтөр эр зэрэгтэй нэгэн ертөнцөд орших Гэлэнмаагийн кино хаа очиж дажгүй санагдлаа.

Hotel Transilvania 3 биш, Nun-ы билет авснаа хэлэхэд чамд ирэх найз охины чинь харц

 

Харанхуй шөнө. Европын харанхуй үед баригдсан боловуу гэмээр хуучин чулуун шилтгээнд хоёр гэлэнмаа лааны гэрлээс өөр ханьгүй харанхуй коридороор яаравчлан алхана. Тэдний зорчих давчуу хонгилын ханаар дүүрэн Христийн загалмайнууд байх бөгөөд, төгсгөлд нь байх хүнд модон хаалган дээр “Бурхны хүч энд төгсөнө” гэж бичжээ. The Nun-ы анхнаасаа л таалагдсан зүйл нь энэ яарах сэтгэлийг бий болгох атмосфер, хөгшин Европын өнгө будаг, католик сүмийн хүчирхэг дүрслэлүүд байлаа. Олон гэлэнмаа нарын нэгдэл нь сүртэй сэтгэгдлийг төрүүлж, тэдний аймшгийн буруу хувилбарууд ч нурууны үс зарзайлгам зэвүү төрүүлэм болсон нь screenshot хийж аваад хадгалчихмаар л санагдаж байв. Үүн дээр нэмээд trailer-ээсээ авахуулаад постероор нь дүүрэн нүүр нь хадаатай байсан үндсэн чөтгөр Valak-г бага тунгаар, туйлын гамтай ашигласан нь магтууштай байсан юм.

Энэ гэлэнмаа нар The Matrix-н агентуудыг ч айлгаж дөнгөх байх!

 

Харин гэлэнмаа нар style-тай байсантай адил тодорхой зүйлс нь киноны айлгалтууд байлаа. Амьдралдаа анх удаа л аймшгийн кино үзэж байгаа биш бол jumpscare-үүд ирж байгаа нь арай л хялбархан тааж болмоор илт санагдсан нь жаахан урам хугалж байв. Гэхдээ айлгалтууд тогтмол, олон бас урьдчилан тооцоолж болохоор байгаа нь галзуу хулгана дээр суухтай ижил, замыг мэдэж байвч үхтэл хашхирах хэрэг бишгүй л гардаг шүү дээ.

Хаа очиж урьдчилан төсөөлөөгүй зүйл нь нь The Nun-ы их цэвэрхэн камерын хөдөлгөөн, шилжилтүүдтэй зураг авалт санагдав. Кино багийн авьяас чадварыг илтгэдэг үргэлжилсэн урт зураг авалт энд хараахан байхгүй боловч, Edgar Wright-н кинонуудыг шимтэн үздэг, өөр кинонуудаас бүтээлч камерын хөдөлгөөнүүд, цэвэр харагдац хүсэх болсон хүний хувьд энд урам хугарсангүй. Нүд чилээм хурдан хөдөлгөөнүүд, утга нь ойлгомжгүй монтажуудаараа зартай аймшгийн кино жанрын хувьд орон зайн мэдрэмж өгөх, дүрүүдийн хөдөлгөөнийг илтгэх, аюул түгшүүр ойрхон байгааг илэрхийлэх зураг авалт, дагалдах камерын хөдөлгөөнүүд нь The Nun-д байна гэж огт төсөөлөөгүй, нарийн хөдөлмөр шингэсэн нь мэдрэгдэж байсан юм.

Энэ киноны хамгийн cheesy дүр, ноён Frenchie

Ганцаараа сэлгүүцэх, хамт олноосоо салж явах заяатай дүрүүдгүйгээр мэдээж ямар аймшгийн кино байх билээ. Гол дүрүүд болох залуухан дадлагын гэлэнмаа, Ван Хелсинг Пастор, өөрөө өөрийнхөө Америк экшн киноны гол дүрд тоглож яваа Канадын-Франц залуу, саармаг хүйст Valak чөтгөр нараас гадна тусгайгийн цагдаа нар шиг явдалтай гэлэнмаа нар энэ кинонд багтжээ. Харин аймшгийн киноноос буг чөтгөр нь буюу аймшиг нь ямар учир утга илэрхийлж байгааг дандаа хайж байдаг “өвчтэй” хүний хувьд энэ кино яг юуг илэрхийлэх гэснийг ухаж ойлгоход миний ухаан арай л хүрсэнгүй. Зүүн Европын жижигхэн тосгоны мартагдсан сүмийг сорвилож орхисон Дэлхийн Хоёрдугаар Дайн, ах ламтны аварч чадаагүй балчир хүүгийн дурсамж зэргээс үзвэл энэ кино Хүйтэн Дайны тухай ч юм шиг, ариун газрыг ариун хүмүүстэй нь шүглэж хувиргах Валакын хүч ялгаварлан гадуурхал, нийгмийн гаж үзэгдлүүдэд жирийн сайн хүмүүс ч өртөн өөрчлөгдөж болдгийг харуулж байна уу гэсэн хачин бодлууд киноны хаалтын мөчүүдэд бодогдож явлаа. Эсвэл зүгээр л Валак гэх ад зэтгэрийн тухай шулуухан үйл явдалтай аймшгийн кинонд би далд утга зохион төөрч хүндрүүлээд байгаа байх.

Энэ кинонд болзоот охин чинь чамруу үсэрч наалдахад хүргэх айлгалтууд, уйдаахгүй дүрслэл дүрүүд болон тэдний чадварлаг зураг авалтууд, супер баатруудын үлгэр тууж шиг урт кинонуудаас залхаад байгаа найз охиныг чинь ядраахгүй 1 цаг 30 минутад эвтэйхэн багтах хялбар зохиол, ёс жаягаараа цочоох айлгалтууд гээд бүх л юм байна. Аймшгийн киноноосоо арай их утга учир хүсдэг хүмүүсийн загатнах газрыг арай л онож чадахгүй ч савлуулсан зураг авалтгүй, хэт битүүлэг зохиолгүй, Conjuring-н панаалтай үйл явдлууд харьцангуй багатай The Nun кино үр дүнтэй аймшгийн энтертаймент болжээ.

 

Нийтлэлийгч бичсэн: А.Мөнгөн 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх