Яагаад олон найзтай байж болохгүй гэж?

Хүүхэд насанд бидний ихэнх нь хэн нэгэнтэй найз байна гэдгийг бүх зүйл дээр ижил дур сонирхолтой байж бүгдийг хамтдаа туулж, хамтдаа хөгжилтэй байх мэтээр төсөөлж ирсэн. Гэвч олон жилийн дараа багын болон их сургуульд нөхөрлөж эхэлсэн найзуудаас ямар нэг шалтгаанаар таны урмыг хугалж эсвэл дургүйцлийг хүргэснээр харилцаа холбоогоо тасалсан хүмүүс цөөнгүй биз. Тэдний нэг хэсэг нь зээлсэн мөнгөө буцааж өгөлгүй алга болсон, зарим нэг нь худал яриагаараа таныг залхаасан ч байж мэднэ.

Бид бусдаас хэтэрхий ихийг хүсэж хүлээдэг

Асуудал нь үнэхээр тэдэнд байсан юм гэж үү? Танд яагаад найзууддаа сэтгэл гонсойх үе тохиолдож байсан бэ? Та яагаад тэдний хийсэн үйлдэлд уурлаж, дургүйцэж, бухимдсан байж болох вэ? Энэ бүгдэд хариулахын тулд бурууг тэднээс биш өөрөөсөө эхэлж хайж үзэх нь зүйтэй юм. Та магадгүй тэднээс хэтэрхий их зүйлийг хүсэж, хүлээж байсан эсэхээ нэг бодож үзсэн үү? Магадгүй та хэзээ ч үгүй гэж хариулах болов уу. Тэдэнд өөрт тань тохирсон төгс найз, нөхөр байх шаардлагыг тавьдаг байсан, магадгүй одоо ч мөн адил найз, нөхдөдөө тийм шаардлага тавьсаар байгаа юм биш биздээ?

Хэчнээн ч сайн найз байсан таны найз нөхөрлөлийн харьцаанаас хүсэж буй бүхий л зүйлсийг аль нэг найз чинь ганцаараа өгч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

photo-1436076879760-817e51341b15

Найз нөхдөдөө сэтгэл ханамжтай байх нь

Тэгвэл найз, нөхдөдөө үргэлж сэтгэл хангалуун байж нөхөрлөлөө урт удаан үргэлжлүүлэх нэг нууцыг танд дэлгэе. Юуны түрүүнд өөрийгөө нэг том байгууллагын захирал гэж төсөөлөөд үз. Харин байгууллагын хэлтэс бүртээ тохирсон ажилтнуудыг авч хуваарилах нь таны үүрэг. Нягтлан бодогч хийж чадахгүй атлаа компьютер сайн мэддэг ажилтан байвал түүнийг санхүүгийн хэлтэст хуваарилах нь ач холбогдолгүй. Үүний адилаар бие бялдрын хөгжлийн хувьд муу ажилтныг хамгаалагчаар тавих нь ч утгагүй хэрэг бөгөөд түүнийг илүү сайн ажиллаж чадах ажлын байранд авах нь илүү ухаалаг шийдвэр болно. Найз, нөхдийн хувьд яг л үүнтэй адил бөгөөд хүн бүрт тохирсон харилцаа холбоог тэдэнтэй үүсгэснээр хамтын нөхөрлөлдөө сэтгэл хангалуун, тэдэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсахгүй байж чадна. Өөрөөр хэлбэл дөрвөлжин дүрсийг дугуй нүхэнд багтаах гэж оролдохгүй байх, мөн бүх нүхэнд багтдаг нэг дүрс байхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

photo-1454625191319-786c05137ef5

Нөхөрлөлд юуг арай өөрөөр хийж эхлэх ёстой вэ?

Тухайлбал танд Батаа гэдэг яриасаг, хөгжилтэй найз байлаа гэж бодъё. Гэхдээ тэр хэзээ ч уулзах цагаа барьдаггүй сул талтай ба болзох бүрдээ олон цагаар хүлээлгэж таны уурыг хүргэдэг. Тэгвэл түүнтэй гадуур уулзахаар төлөвлөдөг үйлдлээ болих хэрэгтэй ба зүгээр л таарсан үедээ, эсвэл гэрт нь очоод сайхан яриа өрнүүлээд авах нь танд түүний хоцордог занг үзэн ядаж түүнд уцаарлахаас илүү санагдах болно. Сагсан бөмбөг сайн тоглодог атлаа зугаа цэнгээний үеэр хэтрүүлж уугаад хэрэг тарьдаг Тулгаа найздаа амралтын өдрийн оройг бусниуллаа гэж бухимдах хэрэг байгаа гэж үү. Энэ тохиолдолд түүнтэй заал авч тоглох үедээ уулзаж цагийг зугаатай өнгөрүүлж, үргэлж асуудал үүсдэг шөнийн клуб зорихдоо заавал түүнтэй хамт явахгүйгээр нөхөрлөлөө аварч болохоор байна шүү дээ.

Найз гэдэг бол “олон багажтай халаасны хутга” биш

Ихэнх хүмүүсийн нөхөрлөл, үерхлийн холбоондоо гаргадаг гол алдаа нь тэд өөрсдийн найз, нөхдөө төрөл бүрийн зүйлд ашиглаж болдог халаасны хутга мэтээр хардагт оршиж байгаа юм. Гэвч найзууд гэдэг бол ганц л зүйлийг сайн хийхэд зориулагдсан энгийн багажтай адил бөгөөд бүгд өөр, өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг.

Аптерикаар хадаас хадах гэж оролдоод бүтэхгүй хэрэг болохыг ухаармагцаа аптериканд уураа гаргах нь тэнэг явдал биш гэж үү? Та өөрийг чинь сайн сонсож, ухаалаг зөвлөгөө өгдөг найзаасаа сайн бүжиглэдэг эсвэл хөгжилтэй онигоо ярьдаг байхыг шаардах нь яг л дээрх шиг зохисгүй тэнэг хэрэг юм.

Хүмүүсийг өөрчилж өөрийн хүссэнээрээ байлгах нь боломжгүй зүйл гэдэгтэй та санал нийлэх байх. Гэсэн ч та найзаа өөрчлөх гэж оролдохгүйгээр хоёул хамтдаа хийх дуртай зүйлээ олж чадвал тэр нөхөрлөл хэн нэгэн нь урам хугарснаар дуусгавар болохгүй гэдэгт бат итгэлтэй байж болно.

Олон найзуудтай байх нь бүрэн боломжтой зүйл

Бусадтай нөхөрлөлийн холбоогоо хадгалж, бие биедээ сэтгэл ханамж өндөр байх энэ нөхөрлөлийн чадварт суралцах гол түлхүүр нь харилцан бие биенийхээ ижил сонирхлыг олж тэрхүү сонирхлын хүрээнд нөхөрлөлийн хэмжээгээ тогтооход оршиж байгаа юм. Зарим найзуудтайгаа хамт хийх дуртай зүйлс олон байж болох ч бусад найзуудтай хамт хийдэг зүйл маш цөөн байж болно. Гэхдээ таны уулзах хүн бүрд танд таалагдах ядаж нэг сонирхол, шинж чанар байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бусдын сайн талуудыг олж харж түүнд анхаарлаа хандуулснаар гагцхүү хамтын нөхөрлөлийг үр бүтээмжтэй байлгаж чадна.

eae0a1da

Та өмнө нь найзууддаа дээрх аргыг ашиглаж үзэж байсан уу? Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээгээд үзээрэй. Харин үр дүнгээ бидэнтэй хуваалцахаа битгий мартаарай

Сэтгэгдэл үлдээх