Танд эр хүний энэ чанар байхгүй бол хэзээ ч ЖЕНЬТЕЛМЭН БОЛЖ ЧАДАХГҮЙ.

ТАНД ЭР ХҮНИЙ ЭНЭ ЧАДВАР БАЙХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ЖЕНЬТЛЕМЕН БОЛОХГҮЙ

Жинхэнэ женьтлемен хүн бусдын хүндлэлийг тэднээс асуулгүйгээр олж авч чаддаг. Энэ нь маш анхаарал татам шинж чанар учраас олон эмэгтэйчүүд женьтлемен залууд дуртай байх нь гарцаагүй. Харин та женьтлемен хүний нууц нь зөвхөн харагдах байдалдаа байдаг гэж боддог бол том эндүүрч байна.

Та ердөө женьтлемен шиг хувцаслаж, дүр эсгэснээр тэдний нэг болохгүй

Зарим залуучууд женьтлемен болохын тулд женьтлемен хүний үйлдэл болон харагдах байдлыг дуурайх гэж хичээдэг. Тэд хувцаслалт, гаднах төрхөндөө илүү чухал ач холбогдол өгөхөөс гадна эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгөх, суудлаа тавьж өгөх гэх мэт женьтлемен хүнээс хүлээдэг зан үйлийг хийж суралцдаг. Ингэснээр бусдад өөрийгөө соёлтой, нас биеэнд хүрсэн хүн гэдгээ батлах болно гэж төсөөлдөг. Гэвч уг хүчин чармайлт нь зарим хүмүүсийг хуурч дөнгөх ч бусад хүмүүсийн нүдэнд хуурамч, дүр эсгэсэн юм шиг харагддаг. Тэд түүнийг том хүний хувцас өмссөн жаал хүү шиг доог тохуутай харах болно. Яагаад гэж үү? Учир нь женьтлемен  дүр эсгэгчид эхлээд эр хүн болж төлөвшөөгүйд байгаа юм. Та жинхэнэ женьтлемен болохын тулд юун түрүүнд эр хүн болох хэрэгтэй! Женьтлемен хүн болж төлөвшсөн эр хүнийг хэрэв гутлаар зүйрлэвэл сайн чанарын гутал (эр хүн)-ыг тосолж өнгөлсний дараа улам гялалзсан сайхан гутал (женьтлемен) болохтой адил юм. Иймээс та өөрийгөө тосолж өнгөлөхийн зэрэгцээ чанараа сайжруулахад анхаарах нь чухал.

Эр хүнд хүндэтгэл авчирдаг гол чадвар

Тэр дутагдаад байгаа чанар нь тэгвэл юу вэ? Энэ нь эр хүн өөрийн бие сэтгэлээ хянаж захирах чадвар юм. Женьтлемений бусдын хүндлэлийг олж авдаг тэр зүйл нь цэвэр цэмцгэр байдал, гялалзсан гадна төрхөндөө бус бие болоод сэтгэлээ барьж хязгаарлаж чаддагт оршдог. Тухайн хүнд бусдын хүсэл сонирхлыг үл тоомсорлох, тэднийг замаасаа зайлуулах эсвэл хууран мэхлэх замаар санаснаа биелүүлж чадах эрх мэдэл, хүч тэнхээ, сэргэлэн ухаан, санаархал байж болно. Гэвч тэр өөрийн сайн дураар бие сэтгэлээ хорьж илүү ёс суртахуунтай арга замыг сонгодог. Эр хүн өөр нэгэнд гэм хор учруулах хангалттай чадвартай байсан ч өөр сонголт хийвэл бусдын өнцгөөс харахад туулийн магтууштай зүйл юм.

Гэтэл дүр эсгэгчдийн хувьд бие сэтгэлээ хянаж удирдах чадвар болоод сэтгэлийн хат дутагддаг. Төрөлхийн гар зөрүүлэх дуртай, асуудлыг нударгаараа шийддэг хүн өөрийг нь сөрсөн бүхнийг зодож цохисноор асуудлыг амархан шийднэ гэж хардаг бол өөрийн төрөлх зангаа эсэргүүцэж чадваргүй байгааг илтгэж байгаа хэрэг.

Эр хүн болох сорилт

Эр хүн өөрийн биеэ хянаж удирдах чадварыг сорихын тулд тухайн хүнд хоёр зүйл зайлшгүй байх хэрэгтэй: (1) ямар нэг зүйлийг авах хүсэл санаархал, (2) үүнийгээ гүйцэлдүүлж чадах авьяас, ухаан. Өөрөөр хэлбэл мууранд эзнээ өвтгөх хүсэл болон үүнийг хийж чадах хөлийн урт сарвуу байсан цагт түүний биеэ хянаж, удирдах чадвар нь танигдах боломжтой юм.

Биеэ барих чадвар нь ялангуяа гэрлэсэн эрчүүдэд том сорилт болдог. Хэрэв энгийн даруу төлөв нэгэн эр эхнэртэйгээ 50 жил хамт амьдрахдаа эхнэрээ араар нь тавих байтугай нэг ч удаа өөр эмэгтэйтэй нэр нь холбогдож байгаагүй бол хүмүүс түүнийг сайшаал хүлээхээр бөгөөд их сайн хүн гэж харах болно. Харин хөрөнгө мөнгөтэй, улс төрийн өндөр албан тушаал хашдаг нэгэнд нууцхан дур хүслээ хангах бүхий л боломж байсан ч дээрх хүний адилаар эхнэртээ үнэнч хэвээр үлдсэн бол бид түүнийг илүү ихээр магтан сайшаах байсан биз ээ. Олон эрчүүд эхнэртээ хайртай гэдэгт бүрэн итгэдэг хэдий ч тэдэнд эхнэрээ хуурах тохиолдол цөөнгүй гардаг. Та эмэгтэйчүүдийн хувьд царайлаг, загварлаг залуу бөгөөд тэднийг өөртөө татах увдистай нэгэн гэж төсөөлөөд үз. Танд эхнэрээсээ өөр нэг дур булаам эмэгтэйтэй танилцах боломж олдвол өөрт байгаа давуу талаа ашиглан түүнтэй бие сэтгэлийн хувьд илүү дотносох байсан уу эсвэл зүгээр сонирхолтой яриа өрнүүлсний дараа гэртээ харих байсан уу. Та 2 дахь сонголтыг хийвэл үүндээ удалгүй харамсаж магадгүй ч хожим өөрийнхөө үнэнч, ёс суртахуунтай чанарыг авч үлдсэндээ бахархах сэтгэл төрөх болно гэдгийг баттай хэлье.

Хүн өөрийн хүсэл санаархал болон ёс суртахуун хоёрын хоорондын тэмцэлдээ ямагт ялалт байгуулж чадвал дан ганц өөрийгөө хүндэлж, бахархаад зогсохгүй таны энэ онцгой чадварыг олж харсан хэн бүхэн таныг хүндлэх болно.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх