ТАНЫ САЛАХ ЁСТОЙ 5 МУУ ЗУРШИЛ

ТАНЫ САЛАХ ЁСТОЙ 5 МУУ ЗУРШИЛ

Та магадгүй хумсаа мэрдэггүй, яриандаа хараал хэлдэггүй, архи, тамхи хэрэглэдэггүй байж болох юм. Гэхдээ энэ нь танд муу зуршил байхгүй гэсэн үг биш шүү. Та өөрөө огт анзаардаггүй боловч байнга үйлддэг муу зуршлууд байдаг гэдгийг санаарай. Тэдгээрийн заримыг нь бид муу зуршил гэж үздэггүй байж магадгүй ч бидний амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байх болно.

Өмнөх нийтлэлээрээ бид муу зуршлаасаа салахын тулд хувийн сахилга баттай байх ёстой талаар өгүүлсэн билээ. Тэгвэл хүн бүрт илэрхий бус доорх 5 зуршил танд байгаа бол сахилга бат гарган салахыг хичээгээрэй. Үүнийг өөрийн сахилга батын хэм хэмжээгээ тэлэх нэгэн дасгал гэж ч харж болно.

1.  Амаа нээлттэй хоол зажлах

Энэ бол зүгээр тэвчишгүй заваан үйлдэл юм. Хэрвээ та хоол идэж байхдаа амаа нээлттэй зажилдаг бол та нэг бол “хүмүүжил” гэдэг зүйлд суралцаж байгаагүй эсвэл 4 настай хүүхдээс огт ялгаагүй. Ялангуяа амаараа дүүрэн хоол зажлангаа ярих гэж оролдох нь ямар ч тохиолдолд жигшмээр бүдүүлэг харагддаг. Хоолыг зөв зажлаж идэх нь амархан боловч зарим хүмүүс насанд хүрсэн хойноо ч сураагүй байдаг нь хачирхалтай.

  1. Хоолоо амандаа хийх
  2. Амаа жимийх
  3. Хоолоо зажлах
  4. Зажласан хоолоо залгих
  5. Ярих

Хэрэв хэн нэгэн энэ дарааллын дагуу хоолоо идэж чадахгүй байвал өмнө нь агуйд амьдарч байсан эсэхийг нь асуугаад үзэхэд гэмгүй шүү.

photo-1435205097684-cfec61930340-1

  2. Цагаасаа байнга хоцрох

Маш олон зүйл биднээс шалтгаалдаггүй нь үнэн. Таны машин хэзээ осолд орох, хэзээ оройн цагаар танай байрны тог тасарч утсаа цэнэглэх боломжгүй болохыг та хэлж мэдэхгүй. Гэхдээ ихэнхдээ бидний хоцордог шалтгаан нь биднээс л хамааралтай байдаг шүү дээ. 10 минут илүү унтахын тулд сэрүүлгээ snooze дарах, зурагтаар олон ангитай кино гарах, өмсөх хувцсаа шийдэж чадахгүй байх, замын түгжрэлд орох (үүнийг байнга тохиолддогийг хүн бүр мэдсээр байж хоцрох шалтаг болгож хэлдэг нь гайхмаар шүү) гэх мэт бидний гаргадаг хайхрамжгүй үйлдлээс болж бид ажлаасаа эсвэл хэн нэгэнтэй уулзахаар тохирсон цагаасаа байнга хоцордог.

Төлөвлөсөн ажил бүрээ цаг хугацаанд нь хийж байх нь хэр их чухал болохыг амьдрал бидэнд байнга сануулдаг боловч бид цаг барихдаа төдийлөн анхаарал хандуулдаггүй нь хачирхалтай байгаа биз дээ.

Үүнийг яаж шийдэх вэ гэж үү? Зүгээр л цагаа барьж сур. Гэрт байгаа бүх цагаа 5-10 минутаар урагшлуул. Хийх ажлаа, очих уулзалтаа сануулах утасны сэрүүлэг тавьж бай. Замын түгжрэлд 20-30 минут өнгөрүүлнэ гэж бодоод нэг газраас нөгөө газарт хүрэх хугацагаа тооц. Сэрүүлгийнхээ snooze дээр дарахаа боль. Өглөө өмсөх хувцсаа урьд орой нь унтахаасаа өмнө бэлд. 30 минутын өмнө ирэх нь 5 минут хоцорч ирснээс илүү дээр гэдгийг ямагт санаарай.

photo-1431499012454-31a9601150c9

3. Чанаргүй хямдхан хувцсанд мөнгө зарцуулах

Танд олон жил эдэлгээгээ алдаагүй хувцас маш цөөхөн байгаа бол энэ зуршил байна гэсэн үг. Харин энэ зуршил бол таны мөнгөний дайсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Миний сарын орлого бага учраас би илүү үнэтэй хувцсанд мөнгө зарцуулж чадахгүй гэсэн бодол нь хямд хувцас худалдаж авахад хүргэдэг. Үнэндээ байнга өмсөх хувцсандаа бага мөнгө зарцуулах нь тухайн үедээ санхүүгийн хувьд хэмнэлттэй юм шиг санагдаж болох ч энэ нь урт хугацаанд харин ч эсрэгээрээ байдаг. Та өнөөдөр 40,000 төгрөгөөр нэг сорочкон цамц худалдаж авсандаа баяртай байж болно. Гэвч 3 сар өмссөний дараа цамцны оёдлууд нь хөвөрч эхлэн, өнгөө алдан гандах үед та энэ цамцаа өмсөхөө больж дахиад л шинэ цамц авахаар 40,000 төгрөг үрэх болно. Харин та үүнээс 50,000 төгрөгөөр илүү үнэтэй боловч чанар, материал сайтай сорочкон цамц худалдаж авбал үүнийгээ бүтэн жил өмссөн ч эдэлгээ нь хэвээрээ байна шүү дээ. Тэгэхээр аль сонголт нь санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй вэ гэдгийг тооцож гаргахад тийм ч хэцүү биш байгаа биз.

Өөрт байгаа хувцаснууддаа дээрх тооцооллыг хийгээд бүгдийг нь нэмбэл та жил бүр хэр их мөнгө хэмнэх боломжтой байсан талаар төсөөлөл бууж байгаа байх. Энэ нь таныг дотроо харамсахад хүргэж байж ч магадгүй юм. Харин нэг сайн мэдээ дуулгахад та хямдхан хувцас авч өмсөх талаар гашуун туршлагатай болчихсон. Тиймээс дараа дэлгүүр лүү зүглэхдээ алдаагаа дахин давтахгүй байхыг анхаарна уу.

photo-1416339698674-4f118dd3388b

4. Хангалттай унтаж амрахгүй байх

Ажлын ачаалал, нойргүйдэл, дуртай кино, нүүр ном, оройн цагаарх хичээл ангиуд, гэр доторх дуу чимээ гээд олон шалтгаанаас болж та эрт унтаж чадахгүй байж болно. Ихэнх залуучуудад би одоогоор залуу байгаа учраас нойрноосоо хасахад гэмгүй гэсэн бодол төрдөг. Гэвч энэ ирээдүйд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж таны наснаас хугасалдаг болохыг маш олон судалгаагаар нотолсон байдаг.

Та дор хаяж 8 цаг унтахаар бодож орой бүр орондоо орох цагаа тогтмол барих хэрэгтэй. Миний өгөх зөвлөгөө гэвэл унтахаас өмнө хийдэг хэвшмэл зуршилтай болох юм. Энэ нь шүд амаа угаах, биеийн хөнгөн дасгал хийх, хэсэг хөгжим сонсох, ном унших гэх мэт юу ч байж болно (гэхдээ энэ нь facebook орох, телевиз үзэх байж болохгүй шүү). Унтах цагаасаа 30 минутын өмнө орондоо орох талаараа бодож хэвшсэн зуршлаа хий. Энэ нь таны нойрыг хүргэж орондоо нам гүм унтахад туслах болно.

avoid_the_cycle_of_chronic_insomnia_poor_sleep_and_exhaustion

5. Өөрийнхөө ганцаардалд хэт их анхаарах

Та зөвхөн өөрийгөө ганцаардаж байгаа гэж бодож байна уу? Хэчнээн олон найз байсан ч гэсэн хүн бүр хааяа ганцаардал гэгч зүйлийг дотроо мэдэрдэг. Энэ бүх хүмүүст байдаг хэвийн мэдрэмж юм шүү. Би хэзээ ч ганцаардаж байгаагүй гэж хэн нэгэн хэлбэл далан худалчаас илүү худалч юм. Харин та өөрийгөө ганцаардаж байна гэж өдөр бүр бодон шаналдаг бол энэ зуршлаасаа заавал салах ёстой. Энэ зуршил нь дан ганц таны оюун санаанд муугаар нөлөөлөөд зогсохгүй амьдралаас аз жаргалыг мэдрэхэд том саад болдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ ганцаардлыг, уйдахтай ижил утгаар ойлгож болохгүй юм шүү.

Ганцаардлын тухай бодлоо зогсоох хамгийн шилдэг арга бол өөрийгөө тэр талаар бодох завгүй байлгах юм. Хүссэн газар луугаа аялаж үз, сайн дурын ажил хий, номнууд уншиж эхэл, шинэ гадаад хэл сур, өөрийн гэсэн хоббитой бол, фитнесээр хичээллэ. Өөрийнхөө тархинд ганцаардлын талаар бодох цаг зав, боломжийг бүү олго. Ганцаардлын талаар бодох зуршлаасаа салангаа өөрийгөө ямар нэг байдлаар хөгжүүлж байгаа бол нэг сумаар хоёр туулай буудсан гэсэн үг шүү дээ.

photo-1466916119434-d72cdf577c4d

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх