Ухаалаг хүмүүс сөрөг энергитэй хүмүүстэй хэрхэн харилцдаг вэ?

Ухаалаг хүмүүс сөрөг энергитэй хүмүүстэй хэрхэн харилцдаг вэ?

Энэхүү нийтлэлд “Сөрөг энергитэй хүмүүс” хэмээн нэрлэгдэж буй хүмүүс үргэлж стрессд автдаг, түүнийгээ нүдэнд харагдсан хүн бүрд, хаа хамаагүй газар гаргадаг, бодлогогүй төрлийн хүмүүсийн тухай гэж ойлгож болно. Зарим нь өөрсдийгөө бусдад төвөг удаж, хямрааж байгаагаа мэддэг ч үгүй байхад зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж, бусдыг бухимдуулж чадсанаасаа сэтгэлийн таашаал авдаг. Хамгийн энгийнээр хэлбэл тэд ямар ч шаардлагагүй үед төвөгтэй байдал, маргаан үүсгэж, сөрөг стресс түгээгчид юм.

Хүний сэтгэл зүй, зан байдлын судалгаа бүрд л сөрөг стресст өртөх нь тархинд урт хугацааны муу нөлөө үзүүлнэ, цаашлаад эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдэг. Хэдхэн өдрийн туршид сэтгэл санаагаар хямрахад л бидний тархины санамж болон эргэцүүллийг хариуцдаг хэсэгт өөрчлөлт ордог юм. Илүү урт хугацааны, өөрөөр хэлбэл хэдэн долоо хоног үргэлжлэх сөрөг стресс нь дендрит гэх мэдрэлийн эсийн бүтцийн үйл ажиллагаанд гэмтэл үүсгэдэг. Харин сар гаруй хугацааны стресс нь мэдрэлийн эсэд үйл ажиллагаа зогсох хүртэлх гэмтлийг үүсгэдэг.

Ажлын байрны нөхцөлд хэрэв та тулгарсан асуудлаа хэрхэн шийдэхийг мэддэг бол энэ нь тийм ч их стресс үүсгэдэггүй. Харин төлөвлөөгүй асуудал гэнэт гарч ирэх нь танд муугаар нөлөөлдөг стрессын эх үүсвэр юм.

Германы Friedrich Schiller их сургуулийн Биологи болон Клиник сэтгэл судлалын тэнхимээс хийсэн судалгаагаар хүчтэй сөрөг сэтгэл хөдлөл үүсгэх нөхцөлд орсон хүний тархинд стрессын хариу урвал үүсэж байсныг тогтоосон. Сөрөг, хэрцгий эсвэл өөрийгөө хохирогч болгодог хандлагатай хэцүү хүмүүстэй харилцах үед бидний тархинд тийм стрессийн хариу урвал үүсдэг.

Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, тодорхой стресс дор тайван байх нь таны ажлын бүтээмжтэй шууд холбоотой. TalentSmart –аас хийсэн нэг сая гаруй хүмүүсийг хамарсан судалгаанд ажлын бүтээмжээрээ тэргүүлдэг хүмүүсийн 90% нь стрессдсэн үедээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулж, тайван байж чаддаг гэдэг нь тогтоогдсон. Тэдэнд байх энэхүү чадвар нь “хэцүү” гэсэн тодотголтой хүмүүсийг саармагжуулж чаддагт байгаа юм. Ийм төрлийн ажлын бүтээмж өндөртэй хүмүүс бусдыг өөрөөсөө зайтай байлгаж чадах хэд хэдэн аргатай байдаг.

Хэцүү хүмүүстэй үр дүнтэй харилцахын тулд та өөртөө боломж олгох хандлага ашиглан өөрийн удирдаж чадах зүйлсээ авч үлдэн, удирдаж чадахгүй зүйлсийг хасах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл хүн бүр өөрт тулгарсан энэ байдлаа зохицуулж чадах чадвартай гэдгээ санаарай.

Ухаалаг хүмүүс хэрэглэдэг үр дүнтэй олон аргуудыг хайсны эцэст хамгийн шилдэг гэж үзсэн аргуудаас уншигчдaдаа хүргэе.

  1. Тэд хязгаар тавьдаг

Ямар нэг юманд байнга гомдолж, шүүмжилж байдаг хүмүүс бол сөрөг хүмүүс. Тэд чадвартайдаа тэгээд байгаа нь юу л бол. Учир нь тэд өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэх чадваргүйгээсээ болж маш өчүүхнээс эхлээд тулгарах бүх асуудалдаа бөмбөгдүүлж суудаг улс. Тэд хүмүүсийг өөрсөдтэй нь санал нийлэхийг хүсдэг ба ингэснээр тэдэнд таатай мэдрэмж төрдөг. Хүмүүс бүдүүлэг харагдахыг хүсдэггүй учир ихэвчлэн гомдолж байгаа хүнийг сонсдог. Гэхдээ хүнлэг сэтгэл гарган тэдний яриаг сонсох болон сөрөг энергид нь автах хоёр ихээхэн ялгаатай гэдгийг мартаж болохгүй.

Тэдний гайхалтай энергиэс хуваалцахаас сэргийлэхийн тулд тодорхой хязгаар тавьж, хэрэгтэй үедээ тэднээс холдоход буруудах зүйл байхгүй. Хамгийн энгийнээр энэ талаар бодоод үз л дээ –  Хэрвээ хэн нэгэн тамхи татаж байвал та хажууд нь суугаад дам тамхидалтанд өртөхийг хүсэхгүй биз дээ? Та тэр хүнээс зайгаа барихтай адил гомдолж байгаа хүмүүсээс зайгаа барь.

Мөн хамгийн хялбар аргын нэг бол гомдолж байгаа хүнээсээ асуудлаа яаж шийдэхийг бодож байгаа талаар асуух юм. Тэд нэг бол чимээгүй болно эсвэл харилцан яриаг илүү үр дүнтэй яриа болгон өөрчилнө.

  1. Тэд өрсөлддөггүй

Сөрөг энергитэй хүмүүсийн үйлдэл нь ямар ч бодлогогүй байдаг учир үр дүнд нь галзуурахаас наагуур юм болно. Тэдгээрийн зан авир логикийн эсрэг байдаг эсвэл бие засаад ариун цэврийн цаас олж чадалгүй гараад ирсэн гэлтэй. Ийм байхад та тэдэнд сэтгэл гарган хандсаныхаа төлөө өөрсдийнх нь сөрөг эргүүлэгт яагаад орох ёстой гэж? Тэр хүн хэдий бодлогогүй байна танд тэдний урхинаас холдоход төдий чинээ амар байх болно. Ялагч байхын тулд тэд ийм тоглоом зохиодог учраас тоглоомд ялах гэсний хэрэггүй. Сэтгэл санааны хувьд өөрсдийгөө тэднээс холдуул.

  1. Тэд өөрсдийнхөө сэтгэлийг мэддэг

Бусдаас ангид байхын тулд та өөрөө өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Та ямар үед стрессд ордгоо мэдэхгүй бол бусдын стрессийн нөлөөнөөс ч ангижирч чадахгүй. Заримдаа бид урагшлах хамгийн сайн сонголтыг сонгох хэрэгтэй байдалд ордог. Тиймээс өөрийнхөө цагийг өөртөө зарцуулахыг хүссэндээ гэмших хэрэггүй.

Жишээлбэл: Хэрвээ хэн нэгэн хүн гудамжинд алхаж байхад чинь хүрч ирээд би Санжаасүрэнгийн Зориг байна гээд байвал та тэр хүнийг засаж, залруулах арга хэмжээ хийхгүй л болов уу. Таны хамтран ажиллагч нар тань иймэрхүү сэтгэлгээтэй хүмүүс бол заримдаа зүгээр инээгээд толгой дохин өнгөрөх нь дээр байдаг. Та хэрвээ тухайн хүнд тусалъя гэж бодож байвал төлөвлөж байгаад хамгийн сайн аргыг сонгоорой.

  1. Тэд харилцааны хил хязгаартай

Ихэнх хүмүүс энэ хэсэг дээр өөрсдийгөө их багаар үнэлдэг. Тэд хэн нэгэнтэй ажиллаж эсвэл амьдардаг учир энэхүү байдлыг удирдах боломжгүй гэж боддог. Энэ нь ч үнэнээс холдохгүй байх. Та бусад хүмүүсээс арай илүүг хийж чадаж байгаа бол танд тэдний гаргаж буй үйлдлийг таамаглахад хялбар болсон мэт санагдаж, ойлгомжтой болдог.

Та хил хязгаартай байх хэрэгтэй гэхдээ мэдэж, санаачлагатай хийх хэрэгтэй. Болох юм болдгоороо болог гэсэн бодолтой явбал хэзээ нэг цагт та өөрийгөө байнгын хэцүү харилцаанд байгаагаа хожим хойно л ухаарна. Та өөртөө хил хязгаар тавьж хэзээ хэцүү хүнтэй харилцахаа шийдэж чаддаг бол өөрт үүсэх стрессийн ихэнхийг нь удирдаж чаддаг болсон гэсэн үг. Харин ингэхдээ хэн нэгэн хязгаарыг тань давах гэж оролдох үед тэднийг оруулахгүй бэлэн байдалд бай:

  1. Тэд тулаанд нас бардаггүй

Хүнтэй харилцаж сурсан хүмүүс нь дахин нэг өдөр амьдрах гэж тулалдах нь ямар чухал болохыг мэднэ. Ялангуяа таны дайсан тань сөрөг энергитэй хүн байх үед. Зөрчилдөөн болоход анзааралгүй өнгөрсөн сэтгэл хөдлөлүүд таны хөлийг гавлаж, тулаанаас хүнд гэмтэл авахад хүргэдэг. Та өөрийн сэтгэл хөдлөлдөө тухай бүрд хариу өгч байвал өөрийнхөө тулааныг ухаалгаар сонгох чадвартай болох ба зөв цагт хөл дээрээ зогсож байх болно.

  1. Тэд  асуудалд биш шийдвэрт анхаарлаа хандуулдаг

Та хаана анхаарлаа төвлөрүүлж байгаа тань таны сэтгэлийн байдлыг тодорхойлно. Өөрт тулгамдсан асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь удаан хугацааны сөрөг сэтгэл хөдлөл болон стрессыг бий болгодог. Өөрийнхөө байгаа байдлыг сайжруулах үйлдэлд анхаарлаа төвлөрүүлсээр үр бүтээлтэй байгаагаа мэдрэх боломж гарна. Энэ нь тархинд илүү эерэг сэтгэл хөдлөл үүсгэж, стрессыг багасгана.

Харин эсрэгээрээ сөрөг энергитэй хүмүүстэй харьцах үед тэд ямар бодлогогүй, хэцүү болох тал дээр төвлөрснөөр та өөрийгөө удирдах хүчийг тэдэнд алддаг. “Тэр хүн ямар хэцүү юм бэ” гэж бодохоо зогсоо. Оронд нь та тэр хүнтэй хэрхэн харьцаж байгаа талаар бодох нь тэдэнтэй харьцах үед үүсдэг стрессыг бууруулна.

  1. Тэд мартдаггүй

Сэтгэлийн хувьд ухаалаг хүмүүс уучлахдаа хурдан байдаг ч энэ нь тэднийг мартсан гэсэн үг биш юм. Уучилна гэдэг нь өнгөрсөнд болсон таагүй зүйлийг тавьж явуулна гэсэн үг. Гэхдээ энэ нь тэрхүү буруу зүйлийг хийсэн хүнд дахин боломж олгох гэсэн үг биш юм. Ухаалаг хүмүүс нь бусдын алдаанаас болж намагт шигдээд байхыг хүсдэггүй учир болсон зүйлийг өнгөрүүлээд, ирээдүйд дахин ийм зүйл болохоос өөрсдийгөө хамгаалдаг.

  1. Тэд сөрөг яриаг сонсдоггүй

Заримдаа бид бусад хүмүүсийн сөрөг энергийг өөртөө шингээдэг. Тэдний амнаас гарах сөрөг мэдээлэл, үйлдлүүд хэнд ч хэрэггүй гэдгийг ухаан суусан хүмүүс хангалттай мэдэж байгаа. Хэн нэгэн тантай шударга бус хандаж байгаад шаналахад буруу зүйл байхгүй ч энэ байдал таныг хямрааж, сөрөг байдлыг улам нэмэгдүүлнэ эсвэл үүссэн асуудлыг шийдэхэд тусална. Хүн  өөрийнхөө тухай сөргөөр ярих нь ямар ч хэрэггүй. Энэ нь таныг бусдын нүдэнд өөрийн сөрөг талаа засах чадваргүй өчүүхэн нэгэн болгон хувиргадаг. Тиймээс бусдын муу муухай, хов живийг сонсохоос гадна өөрийнхөө тухай сөргөөр ярихаас зайлсхийх хэрэгтэй.

  1. Тэд амардаг

Өөрийнхөө стрессыг хянахын тулд унтаж амрах нь маш чухал. Таныг унтах үед, тархи чинь өөрөө өөрийгөө дахин цэнэглэдэг ба та сэрэхдээ илүү цэгцтэй сэтгэдэг. Таны өөрийгөө удирдах чадвар, анхаарал болон ой тогтоолт зэрэг нь зөв унтаж амраагүйгээс болоод буурдаг хангалттай олон шинжлэх ухааны шалтгаан байдаг. Нойр дутуу явах нь стрессгүй үед стрессын дааврыг ихэсгэдэг тул сайхан унтаж нойрссоны маргааш илүү өөдрөг, бүтээлч мөн сөрөг энергитэй хүмүүстэй харьцах харилцаагаа шийдвэрлэх идэвхтэй болдог.

  1. Тэд өөрсдийн туслах системээ хэрэглэдэг

Хүн бүр бүгдийг өөрөө шийдвэрлэх гэж оролдох дуртай байдаг ч хангалттай үр дүнтэй арга биш юм. Сөрөг энергитэй хүмүүстэй харилцахын тулд та тэр хүмүүстэй харилцаж буй хандлагынхаа сул талыг олох хэрэгтэй болдог. Хэрвээ өөрөө чадахгүй бол хэн нэгэнд хандаж тэр хүний талаар ярихад л  шинэ өнцгөөс харах боломжтой болдог. Хүн бүрд ажил дээр болон ажлаас гадуур өөрийнх нь багт байж, өөрийг нь дэмжиж, хэцүү асуудлаас татаж гаргахад туслахад бэлэн байдаг хүн бий. Эдгээр хүмүүсийг өөрийнхөө амьдралаас олж тэдгээрийн санаа бодлыг сонсож, хэрэгтэй үед тэднээс тусламж ав. Өөрийнхөө байдлыг тайлбарлах энгийн зүйл нь таныг ямарваа нэг зүйлсийг шинэ өнцгөөс харах боломж олгоно. Ихэнх үед бусад хүмүүс таны олж хараагүй шийдвэрийг харсан байдаг.

Харин уншигч та эдгээр аргуудыг амжилттайгаар хэрэглэж эхлэхээсээ өмнө хэд хэдэн шалгуурыг давах хэрэгтэй. Эхэндээ та өөрийгөө асуудалтай хүмүүстэй харилцан шалгагдаж байгаагаа мэднэ. Тархины уян хатан чанар нь шинэ зуршлыг давтан, хэлбэрээ өөрчилж чаддаг байна. Эдгээр эрүүл, стрессээс ангижрах сэтгэл зүйн аргуудыг сөрөг энергитэй хүмүүстэй харьцахдаа хэрэглэснээр та өөрийнхөө тархийг стрессээс илүү үр дүнтэйгээр хамгаалж, түүнээс үүдэн гарах сөрөг нөлөөг нь багасгана.

Муу хүн гэж байдаггүй. Хүн бүрд л сайн ба муу шинж байна. Чухамдаа тэр хүн аль талаараа тантай харьцах нь зөвхөн танаас өөрөөс тань шалтгаална.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх