Хүүхдэдээ өөрийн орон зайгаа хэрхэн хамгаалах тухай сургах шинэ арга

Хүүхдэдээ өөрийн орон зайгаа хэрхэн хамгаалах тухай сургах шинэ арга

Биднийг өсөж торних үед өөрийн хувийн орон зайгаа хэрхэн бий болгож, хамгаалах тухайд томчууд төдийлөн сургаж байсангүй. Хувцастай байна уу, шалдан гүйж явна уу, бүдэрч унаж явна уу, өт хорхой, шавар шалбаагаар тоглож явна уу үл хайхран хөлд уясан хонх нь жингэнэж байхад л эцэг эхэд минь хангалттай байсан биз. Аргагүй л дээ, эртний нүүдэлчин соёлтой ард түмэнд айх аюул гэж байсан биш. Нэг мэдэхэд л өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болон төлөвшдөг байв. Гэтэл өнөөгийн сайн муу хослон оршин буй нийгэмд хүн бүр үр хүүхдээ эрүүл саруул, элдэв халдлагад өртөлгүй болгоомжтой яваасай хэмээн залбиран суудаг болж. Хүн бүр дотоод сэтгэлдээ өөрийн гэсэн орд харштай байдаг. Бусад хүмүүсийн хувийн орон зайд хэрхэн нөлөөлөх тухай хүүхэддээ сургана гэдэг нь соёлт нийгэмд ихээхэн ач холбогдолтой асуудал ажээ. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анзаарч, хэрхэн санаа тавих ёстой байдагт залуу эцэг эхүүд багагүй эргэлздэг. Хүүхдийг бага байхаас нь тэдэнтэй ойр байж, тэдний үзэл бодлыг нь сонсож, авч хэлэлцдэг байх нь хүүхэд эцэг эхтэйгээ нээлттэй болон хүмүүжихэд нөлөөлдөг. Хувь хүний хувийн орон зай бол гайхалтай зүйл. Эцэг эх нь хүүхдэд үүнийг нь ойлгуулж чадсан тохиолдолд хүүхдээ бусдын үгээр бус өөрийн үзэл бодолд итгэлтэй, зөв хүн болон хүмүүжүүлнэ.

Европт хүүхдийг элдэв халдлагаас сэргийлэхэд мөн тэдний үзэл бодлыг төлөвшүүлэхэд бага насны хүүхдүүдэд зориулан хувийн орон зайны диаграммыг бэлтгэсэн бөгөөд хичээлийн туршид багш, эцэг эхчүүд тэрхүү диаграммын тайлбарламжийн дагуу хүүхдүүдэд зөв мэдээлэл өгөх боломжтойг ойлгожээ.

Сурагчид тус диаграммын тусламжтайгаар өдөр тутмын амьдралд тохиолдож болох төрөл бүрийн харилцааны нөхцөл байдлыг хялбар ойлгож чадахуйц харилцааны орон зай бүрийг диаграммд өөр өөр өнгөөр тайлбарласан байна.

Энэхүү “Харилцааны тойрог”-ийг 5-10 насны хүүхдүүдэд зориулан гаргасан ба диаграммын хангалттай мэдээллийн тусламжтайгаар хүүхэд өөрийгөө бэлгийн дарамт, бие махбодын болон сэтгэлзүйн хүчирхийлэлд зэрэг ямар нэгэн буруу зүйлд өртөхөөс сэргийлэхэд тусална.

Би

Тойргийн хамгийн голд байрлах хөх ягаан өнгийн хэсэг хамгийн чухал буюу чиний өөрийн орон зай. Энэ орон зай чамайг илэрхийлнэ. Чиний энэ зайд хэн ойртож болох, болохгүйг зөвхөн чи л шийднэ. Хэн ч чиний зөвшөөрөлгүй энэ зайд халдаж болохгүй. Тухайлбал эмээ чинь өвөр дээрээ ирж суу гэж хэлэхэд чи хүсэхгүй бол суух шаардлагагүй, эсвэл ээжийн чинь найз хацар дээр нь үнэсэхийг хүсвэл “үгүй” гэж хэлхээсээ санаа зовохгүй шууд хэлж болно. Энд зөвхөн чи юу хүсэж байгаа л хамаатай.

Гэр бүл

Энэ нь чиний гэр бүл, хайртай хүмүүсийг илэрхийлнэ. Энэ тойрогт чиний хүндэлдэг, итгэдэг, хайрладаг чамтай хамгийн ойр байхыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс багтана. Ерөнхийдөө бидний ойроос тэвэрч, үнэсэх дуртай хүмүүс. Гэхдээ бидний хамгийн ойрын гэр бүлийн гишүүд, дотнын хүмүүс ч чиний хувийн орон зайд багтаагүй гэдгийг санаж байх ёстой. Үүнтэй адилаар бид өөрсдөө хайртай хүмүүсийнхээ “хувийн орон зайг хүндэтгэх” ёстой.

Найз нөхөд

Энэ тойрогт “холоос тэврэх” ангилалд хамаарах хүмүүс багтана. Энэ нь бидний найз нөхөд, бидний харилцах дуртай хүмүүс юм. Тэдэнтэй тоглож, хамтдаа хөгжилдөж, ярилцаж нөхөрлөх нь маш чухал. Нөхөрлөл үргэлж итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурласан байдаг. Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хоорондын харилцаанд энэ тойрог чухал ач холбогдолтой юм. Хүүхэд бүх насныхантай найз нөхөд шиг харилцах шаардлагагүй гэдгийг мэдэж байх ёстой. Мөн эцэг эх нь нөхөрлөлд ямар шалгуур тогтоох вэ гэдгийг хүүхдүүддээ ойлгуулж тэдэнтэй ярилцаж байх хэрэгтэй.

Танил хүмүүс

Шар тойрогт багтах хүмүүс бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэггүй, танил төдий хүмүүс багтана. Хүүхдүүдийн хувьд хөрш айлын хүүхдүүд, ангийн болон сургуулийн танил хүүхдүүд, эцэг эхийн найзын хүүхдүүд зэрэг байж болно. Чи тэднийг мэддэг ч төдийлөн найзалж нөхөрлөдөггүй. Эцэг эх нь хүүхдэдээ нийгмийн хэм хэмжээ, өөр өөр төрлийн олон хүмүүс байдаг тухайд тэдэнд тайлбарлаж, сургах хэрэгтэй. Хүүхэд бүр сайн найзууд болон мэндлээд өнгөрдөг хүүхдүүдийн хоорондох ялгааг болон харилцах орон зайгаа мөн мэддэг байх шаардлагатай.

Мэргэжлийн туслагчид

Бидэнд тусалж, сайхан сэтгэл гаргаж байгаа бүхэн бидний дотнын хүмүүс биш. Цэцэрлэгийн багш, цагдаа, эмч, гал сөнөөгчид нар бүгд тусламж хэрэгтэй үед бидэнд хэзээд тусална. Тэд бидэнд тусаллаа гээд бидний найз биш юм. Эцэг эх онцгой тохиолдолд мэргэжлийн туслагчдад хандаж харилцаж болох тухайд сургаж, тэд бүгд мэргэжлийн тусгай дүрэмт хувцас болон бичиг баримттай байх ёстойг сануулахад илүүдэхгүй.

Танихгүй хүмүүс

Таны хүүхдүүд танихгүй хүмүүсийн тухай зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Тэр хүн чамайг мэддэг гэж хэлэх нь хамаагүй чи танихгүй л байгаа бол тэр танихгүй хүн. Танихгүй учир бид сайн эсвэл муу хүн гэдгийг нь мэдэж чадахгүй. Тиймээс танихгүй хүнд итгэж болохгүй. Тэдэнтэй өөрсдийнхөө тухай ярьж, асуултад нь хариулж болохгүй. Тэднийг дагаж явах нь байтугай өгч байгаа чихэр, пиченийг нь ч авч болохгүй.

Энэ тойрог зураг бүхэлдээ хүүхдэд өгөх хамгийн богино болон тодорхой зөвлөгөө. Өнгөөр ялгаж харуулсан нь тэднийг ялгаж ойлгоход туслах болно. Хүүхдүүддээ тохиолдол бүрд нь сургах боломжгүй тул хүүхэд өөрөө тус диаграммын тусламжтайгаар өөрөө өөрийн орон зайгаа мэдэрч бусадтай харилцахад тусалдаг байна. Хэн нэгэн хүүхдэд зүй зохисгүй хандах аваас эцэг эх, багшдаа даруй мэдэгдэх шаардлагатайг ч сануулдаг байна. Хэрэв тэд чиний юу ярьж байгааг анзаарахгүй байвал асуудлыг өөрөө шийдэх гэж оролдохгүйгээр тэднийг анзаартал нь дахин дахин хэлсээр байх хэрэгтэй. Өөрт тохиолдсон асуудлыг томчуудаас нуух хэрэг байхгүй, түүнээсээ ч ичих хэрэггүй. Тэдэнд хэлхээсээ ч бүү ай, тэднээс асуулт асуухаасаа ч бүү ай.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх