Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Шарк Танк: Бүх цаг үеийн хамгийн том амжилтанд хүрсэн 5 гарааны бизнес

Дэлхийн бизнесийн номер нэг реалити шоу болох “Шарк Танк”-ийг бид хэдийнээ сайн мэдэх болжээ. “Монгол HD” ТВ-ийн хамт олон “Шарк Танк” шоуг Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж эхлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ шоуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээд тус шоунаас төрсөн хамгийн амжилттай байсан бизнесүүдтэй танилцацгаая.

“Shark Tank” нь 2009 оны 8 сарын 9-нөөс эхлэн Америкийн “ABC” телевизээр цацагдаж эхэлсэн бизнесийн сэдэвт цуврал шоу бөгөөд шүүгчид буюу “аварга загаснууд” нь өөрийн хүч хөдөлмөрөөр олон тэрбумын хөрөнгөтэй болсон дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид байдаг. Тэд шоунд оролцогч гарааны бизнес эрхлэгчдэд бизнесийн аюулгүй байдал болоод өөрсдийн бизнесд хөрөнгө оруулалт авах, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог юм.

“Shark Tank” шоу нэвтрүүлэг нь телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг “Эмми Шагнал”-аас “Шилдэг шийдэлтэй телевизийн реалити хөтөлбөр” төрөлд 4 дараалан шалгарч байсан бизнесийн салбарын шилдэг телевизийн шоу нэвтрүүлэг гэдгээрээ алдартай. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс олон сая үзэгчидтэй гэх судалгаа ч бий, хамгийн сүүлд 9 дүгээр улирал 2017 оны 10-р сараас эхлэн цацагдсан бөгөөд 5.12 сая тогтмол үзэгчтэй байгаа аж.

Ингээд шоуны бүх цаг үеийн хамгийн амжилттай бөгөөд хамгийн хачирхалтай гэмээр бизнесүүдийн талаар сонирхоцгооё:

“Buggy Beds”

Орны бясаа илрүүлэх систем үйлдвэрлэгч Buggy Beds компанид $250,000-ын хөрөнгө оруулалтыг таван “аварга загас” тавуулаа хувааж оруулсан байна.

Одоогийн байдлаар “Buggy Beds”-ийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 20 гаруй оронд худалдагдаж байгаа бөгөөд 2016 онд ойролцоогоор 1.2 сая ам.долларын борлуулалт хийжээ.

“GrooveBook”

Энэхүү гэрэл зургаар ном бүтээх апп-д шаркууд болох Марк Кюбэн болон Кевин О’Лири нар 80%-ийн лиценз эзэмших эрхэд $150,000-ын хөрөнгө оруулалтыг хуваан оруулцгаасан юм.

2014 онд 1 саяас дээш удаа татагдсан байх үед нь компанийг “Shutterfly” компани 14.5 сая ам.доллараар худалдаж авсан байна.

 “Tipsy Elves”

Shark Tank-д өрсөлдсөн бүх бизнесийн дотроос магадгүй хамгийн сонирхолтой бөгөөд алдартай гэж хэлж болох Tipsy Elves нь бүх төрөл, загварын “царай муутай” ноосон цамцнуудыг үйлдвэрлэдэг юм.

“Аварга загас” Роберт Хэржавек 4-р улирал дээр уг компанид $100,000-ын хөрөнгө оруулалтаар компанийн 10%-ийг эзэмшихээр санал тавихад үзэгчдэд тэр агшин зуурт саваагүй зан гаргасан мэт санагдсан байж болох ч энэ нь түүний “Shark Tank”-д байх үеийн хамгийн ашигтай хөрөнгө оруулалт байсан гэж тэр нэгэн ярилцлагадаа дурдаж байсан.

2013 онд Shark Tank-ийн 5 дугаар улирал эхлэхээс өмнө “Tipsy Elves”-ийн жилийн орлого нь $900,000-д хүрч байсан бол 2016 онд борлуулалтын орлого 8 сая ам.долларт хүрчээ.

 

“Squatty Potty”

“Аварга загас” Лори Грейнэр “Squatty Potty”-ийн хамт олонд компанийн 10%-ийг $350,000-аар эзэмших хөрөнгө оруулалтыг санал болгосон бөгөөд компани уг шоуг гарсны дараа нэг шөнийн дотор олсон 1 сая ам.долларын их ашигтаа сэтгэл хангалуун байсан ба 2016 онд 30 сая ам.долларын төлөвлөгөөт орлогдоо хүрч чадсан.

 “Scrub Daddy”

Грейнерд зарим нэг амжилтыг зөвхөн “Squatty Potty” авчраагүй байна. Тэрээр гал тогооны хөвсгөр хийгч “Scrub Daddy” компанид $200,000-ын хөрөнгө оруулалтаар 20%-ийг эзэмших тохиролцоо хийсан бөгөөд яг энэ үед Крауз борлуулалтаараа $100,000-ын ашигтаа хүрч чадалгүй 18 сарыг өнгөрөөгөөд байсан аж. Гэвч Грейнер компанийн онцгой бүтээгдэхүүн болох инээмсэглэсэн царай бүхий хөвсгөр нь энгийн уламжлалт хөвсгөрөөс илүү удаан хугацаанд ашиглагдах, эрүүл ахуйн шаардлага хангасан зэрэг давуу талуудаас нь том боломжийг олж харсан юм.

Хөрөнгө оруулагч Лори Грейнер нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Scrubb Daddy нийтдээ 75 сая ам.долларын орлого олсон хэмээжээ.

Оролцогчид төдийгүй үзэгчдийг сэтгэл хөдлөлийн “галзуу хулган”-аар аялуулах энэхүү нэвтрүүлэг нь бизнесийн ухаалаг мөн сонирхолтой ч гэмээр “солиотой” ч гэмээр санаанууд, сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн байх аж. “Аварга загаснууд”-тай тохиролцоонд хүрч чадсан ч бай чадаагүй ч бай оролцогчид 7 сая гаруй боломжит хэрэглэгчид болох үзэгчдэд өөрийн компанийг таниулах том завшааныг хүртдэг.

Зах зээл, цаг үе, хэрэглэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээг мэдэрч “нүдээ олсон” энгийн мэт бизнес санаа, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө “аварга загаснууд” хүлээж буй тааварлашгүй гүн гүнзгий далай рүү аймшиггүйгээр орж чадах их хүсэл зориг дээрх бизнесүүдийг төсөөлөөчгүй их амжилтанд хүрэхэд нөлөөлжээ. Харин танд ийм шинэ санаа аль эсвэл зориг бий юу? Бизнесийн далайд та аварга загас байх болов уу, аль эсвэл жараахай байх болов уу?

 

Нийтлэлийг бичсэн: Г.Энхзаяа 

 

 

Сэтгэгдэл үлдээх