Дарс уух соёлд суралцсан нь

Дарс гэж ЯГ юуг хэлэх вэ ?

Өнөөгийн монгол залуусын маань аливаа зүйлд хандах хандлага, бусадтай харилцах харилцаа хийгээд биеэ авч явах соёл болон ямарваа нэг зүйлийг хэрэглэх хэрэглээний соёл учир дутагдалтай байдгыг нуух зүйлгүй. Хэдий эдгээр нь хувь хүний соёл ч гэлээ хүн бүхэн багахан зүйлд хандах хандлагаа өөрчлөхөд л нийгэм тэр аяараа зөв чиглэлд явах нь гарцаагүй.

Өнөөгийн нийгэмд олон тулгамдсан асуудал байгаагийн нэг нь хэрээс хэтэрсэн архидалт, архины зүй зохисгүй хэрэглээ түүнээс үүдэн гарах гэмт хэргүүд юм. Манай улс шиг архины хэрэглээ өндөртэй газар дарсыг өдөр тутмын амьдралдаа зөв зохистой хэрэглэх соёлд суралцчихвал толгойн өвчин болсон архидалтаас ангижрах бүрэн боломжтой, гэвч Монголд дарс хараахан өдөр тутмын тогтмол зөв хэрэглээ болж чадаагүй байгаа билээ. Иймд бид залуусдаа виноны зөв зохистой хэрэглээ болоод дарсыг хэрэглэх соёлын тухай мэдээлэл өгөх зорилгоор “Ноён Уул Эрдэнэ” ХХК буюу бидний мэдэхээр “World Wine”-ы Борлуулалтын Албаны дарга Н.Сэмжидмаа болон ON TRADE хариуцсан брэнд менежер Б.Одмаа нартай уулзан ярилцсан юм.

“Ноён Уул Эрдэнэ” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл 21 жил тасралтгүй дарсны импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 2005 оны сүүлээс эхлэн дарсны эрүүл зохистой хэрэглээг бий болгох, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор виноны төрөлжсөн “World Wine” дэлгүүрээ нээж байсан арвин туршлагатай байгууллага юм. Ингээд мэргэжлийн хүмүүсээс авсан мэдээлэл, зөвлөгөөгөө танд хүргэе. 

Вино гэж чухам юуг хэлэх вэ ?

Вино буюу усан үзэм, жимс жимсгэний шүүсийг эсгэж хийсэн согтоогч ундааг МЭӨ 6000 оны үед Месопотамийн Шумер үндэстнүүд хийсэн гэж үздэг. Ийм ч учраас хамгийн эртний түүхтэй согтоогч ундааны төрөлд тооцогдох бөгөөд мянга мянган жилийн турш хүн төрлөхтний дунд алдартай байсаар ирсэн.

Хүн төрөлхтний виног хайрлах хайр нь түүний гайхалтай амт үнэр, тэжээллэг шинж чанар, хөнгөхөн согтоох чанартай холбоотой бөгөөд бүхий л согтууруулах ундаанаас дарс шиг нийгэмд ийм нөлөөлөл үзүүлсэн нь үгүй.

Хэлбэрийн хувьд дарсыг ямар ч жимсээр (алим, цангис, чавга гэх мэт) хийж болно, гэвч ихэнхи дарсыг дарсны усан үзмээр (ширээний усан үзмээс ялгаатай) хийдэг. Дэлхий дээр усан үзмийн олон мянган /100.000 гаруй/ нэр төрлийн сорт байдаг ба 1000 гаруйг нь вино хийхэд ашигладаг.

 

Виноны үндсэн төрлүүд

  • Улаан вино  – Хар усан үзмээр хийсэн вино. Энэ вино нь хөнгөн, цайвар улаанаас эхлээд гүн, хүрэн улаан өнгөтэй байдаг. Мөн маш хуурайгаас авхуулаад чихэрлэг амттай байна.
  • Цагаан вино  –  Ногоон, заримдаа хар усан үзэмээс гаргаж авсан вино. Амт үнэрийн хувьд олон төрлийн баялаг. Улаан виноноос илүү нарийн технологи шаарддаг. Учир нь цагаан усан үзмийг гурван долоо хоног исгэж байж гаргаж авдаг.
  • Ягаан вино – Виноны өнгийг хэтэрхий гүн болохоос өмнө хар усан үзмийг хальснаас нь салгаж гаргаж авдаг. Мөн цагаан, улаан винонуудыг холин гарган авдаг. Ягаан дарсны хувьд хуурай, чихэрлэг аль аль төрөл нь нийтлэг байдаг.
  • Оргилуун вино  – Хоёрдогч эсэлдүүлэлтийн аргаар хийжүүлсэн бөмбөлөгүүд үүсгэх замаар гарган авдаг. Оргилуун вино нь улаан, цагаан, ягаан байдгаас гадна эрдэс баялгаар баян байдаг.
  • Баяжуулсан вино   –  Цэвэр спирт эсвэл сайн чанарын шарз буюу коньяак нэмж баяжуулсан вино юм. Энгийн винотой харьцуулахад спиртын агууламж өндөртэй винонууд энэ бүлэгт багтана. Үүнтэй холбоотойгоор виноны амт улам өтгөн болохоос гадна удаан хугацаагаар хадгалах боломжтой болж ирдэг. Ерөнхийдөө дессертний вино боловч хуурай Sherry гэх мэтчилэн олон төрлийн хуурай баяжуулсан вино бий.

Чихрийн агууламж

Дээр дурдсан дарсны үндсэн таван төрөл болгонд агуулагдах чихрийн хэмжээ өөр өөр байна.

  • Хуурай Усан үзмийн бүх чихэр нь исэлдэн спирт болон бүтсэн вино юм. Хуурай дарс 12-14 градусын хатуулагтай буюу энэ нь сахарын агууламжгүй гэсэн үг. Зарим хуурай дарсанд үлдэгдэл сахар агуулагдаж байдаг ба энэ нь дарсыг чихэрлэг амттай болгохгүй бөгөөд биежүүлэх үүрэгтэй байна.
  • Хагас чихэрлэг Хагас чихэрлэг виноны онцлог нь уухад амтагдах төдий чихэртэй байх бөгөөд энэ нь ихэвчлэн виноны хүчиллэг чанар болон амт үнэрийг нэмэгдүүлэх зорилготой. Хагас чихэрлэг вино нь 9-11 градусын хатуулагтай байдаг.
  • Чихэрлэг Исэлдэх явцдаа ихэнх сахраа алддаг. Баяжуулаагүй тохиолдолд чихэрлэг виноны спиртийн агууламж ерөнхийдөө бага байдаг.

Вино сонгохдоо

Юу идэх гэж буйгаа тодорхойлох

Хоол хүнстэй хослуулан хэрэглэх үед та заавал виноны мэргэжилтэн байх шаардлагагүй. Та зөвхөн дараах энгийн зүйлсийг мэдээд авахад хангалттай.

Цагаан вино маш хөнгөн бүтэцтэй учир хөнгөн хоолтой – загас, тахиа болон гахайн махтай хоолнууд, паста, шөлтэй хоол, бантан зэрэгтэй хэрэглэхэд тохиромжтой. Мөн хагас өлөн дээрээ уухад элэгийг цочроохгүй.

Улаан вино хүнд бүтэцтэй мөн хоолыг задалж шингээж өгөх үйлчилгээтэй тул хүнд төрлийн хоолнууд болох үхрийн мах, хонины мах, шарсан хоолнууд, стэйкцуйванхорхог зэрэгтэй хэрэглэх нь зохистой.

Харин халуун ногоотой хоол сонгох гэж байгаа бол чихэрлэг виног хамт сонгоорой.

Бүс нутгийг сонгох

Тухайн вино аль бүс нутгаас гаралтай болохыг шошго дээр маш тодорхой харуулсан байх тусмаа сайн. Жишээлбэл Францын Бордо, Италийн Пиемонте зэрэг үйлдвэрлэсэн газрыг илүү нарийн тодорхойлсон байх хэрэгтэй. Мөн вино үйлдвэрлэгчдэд шошгон дээр аль нутгийн вино болохыг заавал бичих хатуу шаардлага тавьдаг бөгөөд энэ нь тогтсон дүрэм болсон байдаг. Учир нь вино үйлдвэрлэгчдэд тухайн га газраасаа хэдэн шил вино гаргах ёстой стандарт хэмжээг заадаг бөгөөд заасан тооноос илүү гаргах эсвэл дутаах ёсгүй гэсэн хатуу шаардлагын дор нэрээ авдаг. Тэгэхээр олонд танигдсан, алдартай бүс нутгаас гаралтай дарс заавал сайн байна гэсэн үг биш боловч тодорхой стандарт, хатуу дүрмийн дагуу үйлдвэрлэгдсэн, баталгаатай гэдгийг харуулж байгаа юм.

Усан үзмийн сортыг нарийвчилж харах

Сорт гэдэг үгийг хараад сандарч тэвдэх шаардлагагүй, учир нь сорт нь нэг шил дарсанд юу агуулагдаж байгааг бидэнд маш сайн хэлж өгч чадна.

  • Cabernet Sauvignon бол баялаг, хүнд бүтэцтэй улаан вино юм. Улаан мах, улаан лоолийн сүмстэй паста зэрэг хоолнуудтай төгс зохицдог.
  • Pinot Noir нь ихэвчлэн Cabernet – ээс зөөлөн боловч ижил шинж чанартай байна.
  • Merlot бол хөнгөн бүтэцтэй улаан виноны нэг ба маш алдартай.
  • Zinfandel бол Калифорнийн онцлог, хүчтэй улаан вино юм.
  • Syrah нь хамгийн том савлагаатай улаан винонуудын нэг бөгөөд хамгийн сайн нь Франц болон Австралийнх юм.
  • Chardonnay нь сонгодог цагаан вино юм. Маш тааламжтай тослог амттай бөгөөд тахианы мах, өтгөн цөцгийн сүмстэй пастатай зохицно.
  • Sauvignon Blanc нь зуны улиралд шимэн суухад тохиромжтой сэрүү татуулам цагаан вино юм. Загасны махтай хосолно.
  • Riesling нь чихэрлэг цагаан вино юм. Германчууд хамгийн шилдгийг хийдэг ч, Калифорнийн Riesling вино ч мөн сайн чанарынх даа орно.

Бүх төрлийн виног нэг сортын усан үзмээр хийдэг гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Хоёр гурван янзын сортоос гаргаж авдаг винонууд ч бий. Олон сортыг хольж гаргаж авсан байлаа гээд муу вино гэсэн үг биш юм.

Үйлдвэрлэсэн оныг сонгох

Виноны үйлдвэрлэгдсэн он нь виноны тухай бүхнийг хэлж чадна гэж олон хүн боддог, гэвч үгүй юм. Зарим вино жил өнгөрөх тусам амт чанар нь сайжирч байдаг бол зарим нь тийм байдаггүй. Таны худалдан авч буй виноны зарим нь зооринд хэт удаан хадгалахад чанараа алдаж байх нь ч бий.

Хүмүүс виноны чанарын тухай төсөөлөхдөө зөвхөн үйлдвэрлэгдсэн оныг чухалчилдаг ч цаг агаарын нөлөө, ургац хураалтын жилд анхаарлаа хандуулдаггүй. Виноны үйлдвэрүүд дарсаа шилэнд нь савлаад 2 жил хадгалсны дараа л худалдаанд гаргадаг. Энэ нь виноны амт чанарыг сайжруулдаг. 2015 онд хийсэн вино 2016 юм уу 2017 онд худалдаанд гардаг гэсэн үг юм.

Нөгөөтээгүүр ихэнх цагаан болон оргилуун винонууд нь удаан хугацааны хадгалалт шаарддаггүй юм. Үйлдвэрлэгдсэн даруйд хэрэглэж болдог ба зооринд хэт удаан хадгалахад чанар нь алдагддаг байна.

Виноны зөв зохистой хэрэглээ ба эрүүл мэнд

Вино нь улаан, цагаан, ягаан гэсэн гурван төрөл байдаг. Винонд дөрвөн чухал элемент агуулагддаг.

  • Антиоксидант –  нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг, холестрины хэмжээг бууруулж артерийн судсыг хамгаалан зүрхний өвчний эрсдэлийг багасгадаг.
  • Резвератрол  – нь усан үзмийн хальснаас ялгардаг хамгаалагч нэгдэл юм. Судасны нарийслаас хамгаалж муу холестринийг бууруулдаг, цусан дахь сахарын хэмжээг багасгадаг.
  • Флавнойд  – нь ургамалд байдаг байгалийн химийн нэгдэл . Исэлтийн процессын үед үүссэн энзимүүд нь хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлийг устгаж хавдрын хэмжээ томрохоос сэргийлдэг.
  • Полифенол  – нь судасны ханыг бүрхэж хамгаалалт үүсгэн зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Улаан винон дохь фенол нь цусан дахь тослогийг исэлдүүлснээр хлостерин үүсэхээс сэргийлдэг. Зүрх зогсох эрсдэлийг бууруулахаас гадна хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Цагаан вино нь бүх бие организмыг ариутгахаас гадна өвчинтэй тэмцэх чадварыг сайжруулж уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг. Улаан вино нь мөн тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахаас гадна ясны кальци алдагдалтыг удаашруулдаг. Хамгийн гол нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, стресс бууруулдаг.

Өдөрт уух виноны стандарт хэмжээ гэж бий. Эмэгтэй хүн өдөрт 100-150 грамм, эрэгтэй хүн 200-250 грамм вино уух нь тохиромжтой гэж үздэг. Ямар ч зүйл хэмжээ нь хэтэрвэл сөрөг нөлөөтөй билээ.

Хадгалалт

  • Хэрэв та цагаан виног гэрийн нөхцөлд хадгалах гэж байгаа бол буцаан сайтар таглаад хөргөгчиндөө 3-4 хоног хадгална. (6º-10ºC хэмд)
  • Харин улаан виног тасалгааны температурд 10 хоног хадгалах боломжтой. (18º-20ºC хэмд)
  • Хэрэв та огт задлаагүй тохиолдолд нарны шууд тусгал тусаагүй газарт хэвтээ байрлалд (бөглөөг чийгтэй байлгахын тулд) хадгална.
  • Хэрэглэсэн виног буцаан хадгалахад эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ч амт чанар нь тодорхой хэмжээнд сулардаг.

Вино уух ёсон ба соёл

  • Хэд хэдэн виног нэг өдөр зэрэг хэрэглэхээр болвол оргилуун, цагаан, ягаан, улаан гэсэн дарааллаар хэрэглэх.
  • Франц улс дарсыг бяслагтай хэрэглэдэг, хоорондоо маш сайн зохицдог бөгөөд та гайхалтай амтыг мэдэрч чадна.
  • Хуурай болон улаан виног хэт халаах нь зохисгүй. Учир нь элгийг цочроох аюултай.
  • Виног халааж уухад хүний биеийн бүх эд эсэд очиж дулаацуулж өгдөг.
  • Спиртний агууламж бага, жимс жимсгэний виног халаах нь зохистой.

Вино тансаг хэрэглээ биш, вино бол зөв зохистой хэрэглээ юм. Винонд үнэ цэнэ бүү тогтоо, харин ямар үед, юутай хэрэглэх ёстойг л сайн сурсан байхад хангалттай.

Шар айрагтай дүйцэхүйц бүтээгдэхүүн учир Виног өдөр тутамдаа хэрэглэх боломжтойн дээр эрүүлжүүлэх шидтэй. Гэвч аливаа зүйлд хэмжээ, зохистой хэрэглээ маш чухал!

Хэрвээ та бидний бэлтгэсэн энэ нийтлэлийг уншаад дарс гэх зүйлийг цаашдын өдөр тутмын хэрэглээндээ оруулахаар шийдсэн бол танд маш сайхан мэдээг дуулгая. Ноён Уул Эрдэнэ ХХКний хамт олон бидэнд гайхалтай санал тавьсан юм. Хэрэв та дарсны талаар сургалт авахыг хүсвэл 15-20 хүний баг бүрдүүлэн очих ба Ноён Уул Эрдэнэ ХХК-ний хамт олон сургалтаа үнэлэхгүйгээр зөвхөн амталгааны дарсаа бөөний үнээр нь үнэлж авах болохоо мэдэгдсэн юм. Ийм гайхалтай боломжийг олгосон Ноён Уул Эрдэнэ ХХКны хамт олонд талархсанаа илэрхийлэн, амжилт хүсье!

CHEERS!!!

Нийтлэлийг бичсэн: Г.Энхзаяа

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх