Өвлийн хувцаслалтын хамгийн түгээмэл АЛДААНУУД,

түүнийг хэрхэн засах вэ ?

ӨВЛИЙН ХУВЦАСЛАЛТЫН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АЛДААНУУД,

ТҮҮНИЙГ ХЭРХЭН ЗАСАХ ВЭ?

 

Өвлийн улиралтай холбоотой хувцсаа хэрхэн давхарлаж өмсөх вэ?, гадуур хувцсаа зөв хослуулах арга, таны шүүгээнд байх ёстой ноосон цамцны төрлүүд гээд дулаахан бөгөөд загварлаг харагдах хувцаслалтуудын талаар бид та бүхэндээ мэдээллүүдийг хүргэсэн.

Мэдээж хэрэг эдгээр зөвлөгөөнүүдийг та хэрэгжүүлж туршиж үзэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ хараахан туршиж амжаагүй, өөр маягаар хувцаслана гэхээр нэг л эвгүй санагдаж байвал таны өөртөө өөрчлөлт хийх цаг болсон гэсэн баталгаа юм шүү!

Эргэлзэх хэрэггүй залуу минь та зүгээр л өөрт таалагдсан зөвлөгөөг туршаад үз! Бусдын, гадаад орчны хариу үйлдэл гайхалтай байхыг та дараа нь ойлгох болно.

Харин энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд ихэнх залуусын өвлийн улиралд хувцаслалтдаа гаргадаг алдаануудыг, түүнийгээ хэрхэн засах вэ гэдэг талаарх зөвлөгөөнүүдийг бэлтгэлээ.

БУРУУ МАЛГАЙ

Өвлийн улирлыг малгайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жижигхэн хэсэг хэдий ч таны гадаад төрхийг бүрэн өөрчилж чадах хүч түүнд байдаг. Та дэлхийн трэндийг дагадаг хүн бол ямар загвар моодонд орж байгааг брэндүүдийг загвар, сэтгүүлүүдээс хардаг байх. Гэхдээ юу гээч! Хэдий загвар чухал ч танд зохих байдал хамгийн чухал. Нэгэнт өөртөө зохидог хэлбэрийн малгайгаа олбол та тухайн жилийн трэнд өнгийг сонгож болно шүү дээ!

Trapper буюу анчны малгай гэж нэрлэж болдог чихтэй нэхий малгай байдаг. Залуу та энэ малгайг ихэвчлэн шоотой цамц, эсвэл төрөл бүрийн ноосон цамц, жинсэн өмдтэй хослуулбал хэт нүсэр том харагдахгүй байж чадна. Харин пиджак, хослолтой л битгий хослуулаарай.

Мөн даавуун хавтгай бага зэргийн саравчтай малгайг, танд л гэж хэлэхэд битгий ноосон хувцастай хослуулаарай!

Танд санал болгох хамгийн аюулгүй, олон төрлөөр өмсөж болох малгай нь Beanie буюу бол ноосон, угладаг малгай юм. Ерөнхийдөө байгалийн болон цулгуй өнгөтэй, янз бүрийн хээгүй энгийн загварыг сонгоорой. Мөн бага зэрэг том хэмжээтэйг нь өмсөөд үзээрэй. Хэрвээ энэ нь танд зохивол энгийн beanie-с өөр дүр төрхийг харуулж чадна. Мөн энэ малгайг арай өөрөөр өмсөх нэг арга нь малгайныхаа доод хэсгийг эргүүлэн хүрээтэй болгож болох юм. Ерөнхийдөө нарийн шөвгөр нүүртэй залууст бага зэргийн сул загвар нь харин өргөн нүүртэй залууст нугалж өмсөх нь илүү зохидог.

 

ХЯМД ХҮРЭМ

Та магадгүй хэдэн сар л өмсөх юм чинь гээд нэг их ач холбогдол өгөхгүйгээр аль болох хямд хүрэм сонгосон уу?

Тэгвэл залуу минь юу гээч, та нэг удаа өөртөө хөрөнгө оруулалт хийснээр түр зуур хэдхэн сар өмсөөд хаях биш хэдэн жилийн эдэлгээ даах чанартай хүрэмийг авах боломжтой шүү дээ! Та бодоод үз дээ, намар хавар гээд байнга л нөгөөдөхөө өмсөнө. Өөртөө яг тохирсон, чанартай хүрэм, пальтог авснаар санаа зовох зүйлгүйгээр өөртөө итгэлтэй алхах боломжтой.

Манай улсад байгаа дэлгүүрүүдээр боломжийн үнэтэй, загварлаг пальто олдохгүй байвал олон улсын брэндүүдийн сайтуудаар нэг зочлоод үзэж яагаад болохгүй гэж? Улирлын хямдралын үеэр эндээс авснаас ч бага үнээр авах боломжтой болдог шүү!

ЯНЗЛААГҮЙ САХАЛ

Та сахалаа ургуулдаг ч бай, үгүй ч бай хамгийн чухал нь хэлбэртэй, цэвэрхэн байх явдал юм. Нэг үгээр хэлбэл цэвэрхэн харагдахын тулд та 2 юмуу 3-н 7 хоногтоо сахлаа засуулах шаардлагатай. Мэдээж гоо сайхны газарт эсвэл өөрөө ч янзалж болно. Арчилгааны хувьд та сахлаа ургуулдаг бол угаасныхаа дараа ангижруулагч хэрэглэж болно.

Түүнчлэн сахал дээр ч хүн бүрт өөрсдийн хэлбэр, хэв маяг гэж байдаг. Хэрвээ сахлаа нэгэнт ургуулахаар шийдвэл ямар хэлбэртэй байлгах, урт ургуулах уу, эсвэл тайрах уу гэдгээ шийдэхдээ өөрийн дуртай загварын хослол болоод, өөртэйгөө ижилхэн царай төрхтэй хүмүүсээс санаа аваарай. Мөн анх удаагаа сахлын талаарх шийдвэр гаргах гэж байгаа бол мэргэжлийн хүнтэй зөвлөөд үзэхэд буруудахгүй шүү.

ХУРУУТАЙ БЭЭЛИЙ

Хэдий бага зэрэг дааруулдаг ч гэсэн өвлийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой бээлийн бол хуруутай бээлий гэдэгтэй та санал нийлэх байх. Гэхдээ хэрэглэхэд бага зэрэг хэцүү.

Хүмүүс ихэвчлэн энгийн куртка, спорт загварын хувцас дээр хослуулан өмсөх хандлагатай байдаг. Гэхдээ үүнийг классик хэв маягтай хослуулах бүрэн боломжтой. Савхин хуруутай бээлий болон өвөрмөц өнгө, хээтэйгээс нь нэг удаа сонгоод туршаад үзээрэй.

БАРИУ СПОРТ ӨМД

Булчин хэсгээрээ барьдаг, дээд хэсгээрээ сул байдаг Jogger хэмээн нэрлэдэг биеийн тамирын өмд сүүлийн жилүүдэд нилээд моодонд орсон. Харин манай залуусын гаргадаг хамгийн том алдаа бол өмднийхөө дээгүүрээ сул байх хэсгийг нь хэт бариу, эсвэл хэтэрхий сул /хип хоп өмд шиг/ унжуулчихдаг явдал юм.

Гэхдээ биеийн тамирын хувцаст хувьсал хийсэн уг өмдөнд олон төрлийн давуу тал байдаг. 1-рт маш загварлаг харагдуулдаг, 2-рт олон төрлийн өнгө загваруудаас сонгох нь ямар ч хэв маягийг бүрдүүлэх боломжийг олгодог, 3р-т хэрэглээ талаасаа ямар ч төрлийн гуталтай зохицдог ба бороо цастай үед ч өмдөө норгоно гэж айлтгүй.

Хэрвээ та уг өмдөө сорочикон цамцтай хослуулан өмсөхийг хүсэж байгаа бол аль болох бараан хар, хөх өнгүүдийг сонгоорой.

ТҮРИЙТЭЙ ОЙМС

Зун нимгэн шагай хүрсэн тод өнгөтэй оймс загварыг тодорхойлж байсан бол өвөл ч мөн адил оймсоо зөв өмсөх нь чухал юм. Өвлийн улиралд аль болох зузаан, ноосон оймсыг сонгох хэрэгтэй. Албан загварт өөрийн өмдний өнгөтэй хослуулбал илүү тохиромжтой. Харин чөлөөт хувцаслалтад тод, өвөрмөц оймс өмсөх нь дэгжин харагдах болно.

ЗОХИМЖГҮЙ ГУТАЛ

Та олон төрлийн өнгө төрхийг бүрдүүлэхийн тулд заавал олон гуталтай байна гэсэн үг биш шүү. Харин өвлийн улирлын хувьд резинэн ултай, үдээстэй гутлуудаас сонгохыг зөвлөж байна.

Хэт зузаан, томдсон загвартай гутлаас аль болох зайлсхий. Эмх цэгцтэй, цэвэрхэн харагдах дүр төрхийг бий болго. Дээр дурдсан үдээстэй, арьсан гутал нь богино түрийтэй эсвэл түрийгүй ч байж болно. Хамгийн гол онцлог нь энэ төрлийн гутлууд нь албан ёсны хувцаслалт болоод жинс дээр ч сайхан зохицдог.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх