Өндөр бүтээмжийн зарчим: Өдөр бүр 1% илүү

Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд бидний үйл хөдлөл хэр зэрэг хурдтай, хэр зэрэг үр дүнтэй байгаагаас бидний амжилтанд хүрэх үү эс хүрэх үү гэдэг шалтгаалдаг болохыг уншигч та олон нийтлэл, номноос уншсан байх. Хичээл сургууль, албан ажилд тань эерэг үр дүнг бий болгох хамгийн чухал хүчин зүйл бол мэдээж бүтээмж. Өдөр тутамд бүтээмжтэй ажиллахыг хүсэхгүй хэн байх билээ?

Хэрвээ таны эргэн тойронд ажлын машин мэт галзуу ажиллаж, хамтран ажиллагсад болон удирдлагуудаасаа үргэлж өндөр үнэлгээ авдаг хэн нэгэн байдаг агаад та “Яаж энэ бүхнийг амжуулдаг байна аа?” хэмээн гайхшран өөрөөсөө асууж байсан бол бид өнөөдөр зөвхөн танд зориулсан нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэе.

Интернет болон ном хэвлэлүүдэд нийтлэгддэг бүтээмжийн ихэнх зөвлөгөөнүүдэд зорилгоо тодорхойлох, тууштай байх, өдөр тутмын төлөвлөгөө гаргах, амжилтаа бататган тэмдэглэх зэрэг улиг болсон зүйлээ ахин дахин нийтэлсээр байдаг боловч зарим хүмүүс энэ бүгдийг нь хэрэгжүүлж үзсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй тохиолдол байх нь бий. Тэгвэл асуудал юунд байна вэ? Зорилгоо тодорхойлох, төлөвлөгөө боловсруулахаас өөр чухал юу байна?

Салхин шуурга шиг биш урсгал ус мэт бай!

Бидний амьдралд аливааг хийх хүсэл тэмүүлэл, сэдлээр дүүрэн өдөр олон бий. Энэхүү сэдэл биднийг ямар нэгэн үр дүнд хүрч, амжилтын амтыг мэдрэхийн мөрөөдөлд донтуулах тохиолдол цөөнгүй. Яг энэ үед бид шууд л үйлдэл хийж төлөвлөгөө боловсруулж, тэр даруй хийж эхэлдэг. Магадгүй та эрүүл чийрэг биетэй болохыг мөрөөдөж фитнест бүртгүүлэх, эсвэл өөртөө өдөр бүр ном унших зуршлыг бүрдүүлэхийг хичээж гартаа тааралдсан номоо барин суух, номын дэлгүүр орж өөрт таалагдсан хэд хэдэн ном худалдан авч л байсан биздээ?

Эхний хэд хоног магадгүй долоо хоног, сарын турш та урам зоригоор дүүрэн байж маш идэвхтэй номоо уншсаар байх болно. Гэвч танд нэг л үр дүнд хүрэхгүй байгаа мэт санагдах эсвэл гэнэтийн ажил, саад бэрхшээл, бусад нийгмийн хүчин зүйлс аль хэдийн таны сэдэл, урам зоригийг алга болгох тохиолдол бий. Таны бүх хүсэл тэмүүлэл алга болж, үргэлжлүүлэн хийхээс төвөгшөөж “Би чадахгүй юм байна” хэмээх бодол төрдөг. Хэрвээ таны шинэ зуршил өөртөө бий болгож, бүтээмжээ нэмэгдүүлэх төлөвлөгөө тань нэг л болж өгөхгүй байвал та хүлээлтээ өөрчлөөд үз.

Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь бид өөрсдөөсөө богино хугацаанд хэт их зүйл хүлээдэгт байдаг. Хэрвээ та олон ном уншиж өөрийгөө хөгжүүлмээр байгаа бол олон ном зэрэг уншиж, бүгдийг нь уншиж дуусгах гэж бүү хичээ. Харин өдөр бүр 10 хуудас ном унших гэж хичээ. Богино хугацаанд хэт их үр дүнд хүрэх гэж хичээх нь тэр даруйдаа таны энерги, эрч хүчийг шавхаж таныг залхаах болно. Харин өдөр бүр ердөө 10 хуудас унших нь танаас хамгийн ихдээ гучхан минутыг л шаардах болно. Салхин шуурга эхэндээ хад чулууг ч хол шидэхээр хүчтэй боловч шуурсан даруйдаа намдаж эрч нь буурдаг. Харин урсгал ус ямар ч хурц хад чулууг элэгдүүлж чаддаг. Тиймээс салхин шуурга шиг биш урсгал ус мэт бай! Жигд, тогтмол, тасралтгүй байх хэрэгтэй. Өдөр бүр 10 хуудас уншсаар байвал та ямар ч зузаан номыг төвөггүй уншиж дуусгах болно.

 Өдөр бүр 1% илүү

2000 хуудастай номыг өдөр бүр 10 хуудас уншаад байвал 200 өдөр шаардах нь! Энэ чинь бараг 7 сар байна шүү дээ! Надаар тоглоод байна уу?

Хэн ч 7 сарын турш 2000 хуудастай ном уншихыг хүсэхгүй байх тийм ээ? Гэхдээ үүнийг 1 сарын дотор уншиж болно. Яаж гэдгийг одоо бага зэрэг ярилцъя. Өдөр тутмын бүтээмжээ нэмэгдүүлэх нэгэн сонгодог зарчим бол 1%-н дүрэм. Та ердөө өдөр бүр өмнөх өдрөөс нэг хувь илүү бүтээмжтэй ажиллах зорилго тавиад түүнийгээ биелүүлээд байхад хангалттай. Амархан байгаа биз? Хэрхэн хэрэгжүүлэх талаар хэдэн жишээ доор дурьдая.

  • Хэрвээ та ном унших зорилго тавиад өчигдөр 10 хуудас ном уншсан бол өнөөдөр 11 хуудас уншихын төлөө хичээ.
  • Хэрвээ та англи хэлээ сайжруулах зорилго тавиад өчигдөр 12 үг цээжилсэн бол өнөөдөр 13 үг цээжлэхийн төлөө хичээ.
  • Хэрвээ та өглөө бүр эрт босох зорилго тавиад өчигдөр 7 цагт боссон бол өнөөдөр 6 цаг 50 минутад босохын төлөө хичээ.
  • Хэрвээ та өглөө бүр гүйх зорилго тавиад өчигдөр 2 км газар гүйсэн бол өнөөдөр 2 километр 100 метр газар гүйхийн төлөө хичээ.

Өдөр бүр 1%-н амжилтын төлөө хичээ. Хүмүүс богино хугацаанд хэт их үр дүнд хүрэх гэж хичээгээд түүндээ хүрч чадахгүйгээс болж шантардаг. Харин өдөр бүрийн зорилтот үр дүн тань биелүүлэхэд хялбар байгаад түүнийгээ өдөр бүр 1% сайжруулах нь таныг урт хугацаандаа өндөр амжилтанд хүрэхэд туслах болно. Энэ зарчмын гол санаа нь өчигдөр та 1.00 байсан бол өнөөдөр та 1.01 байхын төлөө хичээх явдал юм.

1%-н дүрмийн ач холбогдлыг ойлгохын тулд нэгэн тооцоолол хийж үзье.

Хэрвээ та өнөөдөр 1.00 байсан ба маргааш үүнийгээ 1.01 болгох зарчмыг жилийн 365 хоногийн турш хэрэгжүүллээ гэж төсөөлье. Тэгвэл та маргааш 1.01 байсан бол нөгөөдөр нь 1.0201 байх нь / 1*1.01*1.01=1.012/. Өдөр бүр 1% илүү байх зарчмыг 7 хоног хэрэгжүүлэхэд та 1.017=1.079 гэсэн бүтээмжийн түвшинд хүрэх нь. Хэрвээ та үүнийг бүтэн жил хэрэгжүүлбэл таны бүтээмжийн түвшин хэд болох бол? Нэг жил дэх 365 хоногийн турш өдөр бүр та 1% илүү байснаар 1.01365 = 37.7832 гэсэн бүтээмжийн түвшинд хүрэх нь. Гайхалтай байгаа биз? Бүтэн жилийн дараа та өнөөдрөөс 37 илүү дахин бүтээмжтэй байх нь.

Эсрэгээр та өдөр бүр 1% залхуурвал яах вэ? Өнөөдөр та 1.00 байсан ба маргааш 0.99 болвол таны бүтээмжийн түвшин яах бол? Хэрвээ та бүтэн жилийн турш өдөр бүр 1% залхуураад байвал 1 жилийн дараах бүтээмжийн түвшин 0.99365 = 0.02 болох байх нь. Өдөр бүр та 1% залхуураад байвал бүтэн жилийн дараа та өнөөдрийнхөөсөө 50 дахин муу бүтээмжтэй байх нь. Аймшигтай байгаа биз?

Зорилго, төлөвлөгөөнд ач холбогдол өгөхөөс илүү өдөр тутмын үйлдэл дээрээ ач холбогдол өгөх нь таньд бодитой үр дүнг авчрах болно. Бодитой үр дүн гэдэг амжилтын даруухан нэршил гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Алдартай тамирчид, амжилтанд хүрсэн хүмүүсийн амжилтанд хүрсэн түүхийг л бид өдөр тутамдаа олж хардаг болохоос биш, тэдний энэхүү үр дүнд хүрэх хүртлээ хэр их хугацаа, хичээл зүтгэл зарцуулсныг бид олж хардаггүй. Тиймээс өдөр бүр 1% илүү байж өөрийн бичил амжилтаас том амжилтыг бүтээ!

Нийтлэлийг бичсэн: А.Тэмүүлэн 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх